2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, БОДОЛТ
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО
/Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 он/
Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч Лхагва нь иргэн Давааг мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодис олж авч, түүнийгээ Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ хэрэглэдэг тухай мэдээллийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан даруй уг мэдээллийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэх ажилтан Мягмарыг Даваатай уулзуулахаар шийдэж, энэ талаар прокурорт утсаар мэдэгдсэн байна.
Мягмар нь Даваатай уулзаад “Миний өвчин хүндэрсэн, өвдөлтөө намдаахад хар тамхи зайлшгүй хэрэг болоод байна, чамд байвал өндөр үнээр худалдаж авья, туслаач” гэж гуйхад Даваа зөвшөөрч, гэртээ хадгалж байсан 200 гр “өвс” болон 3 гр “мөс” гэх нэршилтэй бодисуудыг нийт 500.000 төгрөгөөр худалдсан байна.
Мягмарын худалдан авсан “өвс” гэх нэршилтэй бодис нь тетрагидроканнабинолын агууламжтай, харин “мөс” гэх нэршилтэй бодис нь метамфетамины агууламжтай бөгөөд тэдгээр нь хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисууд болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул мөрдөгч Лхагва нь мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах болсон үндэслэл, түүний үр дүнг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр прокурорт танилцуулж, улмаар прокурорын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцож, Даваад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар Даваа нь 2000 онд төрсөн, хэрэг хариуцах чадвартай, тэрээр 2021 оны 7 дугаар сард Төв аймгийн нутгаас мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг өөрөө хэрэглэхээр түүж, хатааж бэлтгэсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж авч, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тус тус тогтоогджээ.
Харин Даваагийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэсэн заалтыг хасч, өөрчлөн найруулсан тул Даваад холбогдох 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгуулах, мөн мөрдөгч Лхагва нь прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр уг ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай гомдлыг тус тус гаргасан байна.
ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ:
1.Даваагийн үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх.
Бодлогын хариулт:
Бодлого зохиогчийн зүгээс дараахь нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Үүнд:
1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж;
2.Даваа хориглосон “өвс” болон “мөс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн, бусдад худалдсан гэх үйлдэл;
3.Даваа “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл;
4.Даваад хүлээлгэх эрүүгийн хариуцлага;
5.Мөрдөгчийн явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх.
Тайлбар, үндэслэл:
1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл)
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн ойлголт, шинж”- ийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй байх;
- Нийгэмд аюултай байх;
- Гэм буруутай байх.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-ын дагуу энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлахаас гадна захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгоно.
Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай тул хууль тогтоогч сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан.
Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвхөн эмчийн жороор олгохоос бусад аргаар өөрийн эзэмшилд олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад өгсөн, худалдсан зэрэг аливаа үйлдлийг хамааруулан авч үзнэ.
Объект: Хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих талаар хуулиар тогтоосон журам.
Халдлагын зүйл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эд байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг хэлнэ.
Объектив тал: Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Олж авсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг ойлгоно.
Хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг ойлгоно.
Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ.
Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Энэ гэмт хэргийн хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүй байсан гэдгийг заавал тогтооно.
Субъект: 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хэн ч байж болно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх шинж (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)
Объектив тал: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Худалдсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох (өрөнд өгөх г.м) зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ.
Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилготой байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх шинж (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг)
Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, мөн улсын хилээр нэвтрүүлж, мөн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хэргийг хүндрүүлж зүйлчилнэ.
Байнга тогтвортой үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдвэрлэлийн шинжтэйгээр эрхэлсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон байхыг ойлгоно.
Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эдийг Монгол Улсын хилийг нууцаар, эсхүл худал мэдүүлж хилээр нэвтрүүлж үйлдсэнийг ойлгоно.
Зохион байгуулалттай гэмт бүлэг гэдгийг Эрүүгийн хуулийн 3.8 дугаар зүйлд зааснаар ойлгоно.
2.Даваа “өвс” болон “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн, бусдад худалдсан гэх үйлдэл
Бодлогын нөхцөлөөс үзэхэд Даваагийн 2021 оны 7 дугаар сард Төв аймгийн нутгаас тетрагидроканнабинол агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодисыг түүж, хатааж бэлтгэсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж авсан, улмаар уг бодисуудыг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэртээ хадгалсан үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон ... сэтгэцэд нөлөөт бодис... -ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан ...” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.
Даваагийн хувьд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан үйлдлүүд нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Харин Даваагийн дээрх үйлдэлд “өвс” болон “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад “худалдаалах зорилго” тогтоогдоогүй. Учир нь Даваа өөрөө хэрэглэх зорилгоор Төв аймгийн нутгаас “өвс” гэх мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж, хатааж бэлтгэсэн, мөн БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх бодисыг олж авч, тэдгээрийг гэртээ хадгалж, хэрэглэж байжээ.
Даваа нь гүйцэтгэх ажилтан Мягмар гуйсны дагуу түүнд сэтгэцэд нөлөөт бодис худалдсан үйл баримтыг үндэслэн түүнийг худалдаалах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буруутгах үндэслэлгүй.
Учир нь гүйцэтгэх ажилтан Мягмар нь мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд Даваагаас сэтгэцэд нөлөөт бодисыг өндөр үнээр худалдаж авах санаачилгыг гаргаж, түүнийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах” үйлдэлд өдөөн турхирсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах байгууллага, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон энэ хуульд заагаагүй асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна” гэжээ.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 13.3.5-д “... гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх”-ыг гүйцэтгэх байгууллага, ажилтанд үүрэг болгосон тул хууль сахиулах байгууллагын ажилтны зүгээс зохиомол байдлыг бий болгож, гэмт хэрэгт өдөөн турхирсны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн бол яллагдагчийг тухайн үйлдэлд буруутгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
Даваа нь Мягмараас өөр хүнд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис өгсөн, эсхүл худалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис бусдад өгсөн гэж буруутгах, эсхүл түүний үйлдлийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх, эсхүл уг бодисыг бусдад худалдаалахаар завдсан гэж үзэх үндэслэлгүй, харин мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд буюу хяналтын худалдан авалтаар Даваа нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн үйлдлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй бөгөөд тухайн үйлдэл нь дангаараа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулна.
Иймд Даваагийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
3.Даваа 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” гэснийг хасаж, “Улсын хилээр нэвтрүүлж” гэснийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т хүндрүүлэх шинж болгон өөрчилсөн болно.
Эрүүгийн хуульд оруулсан дээрх нэмэлт өөрчлөлтөөс харахад хууль тогтоогч “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжээс хасаагүй байх тул Даваагийн 2020 оны 1 дүгээр сарын 9- ний өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.
Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах 2 жилээс 8 жил хүртэл хорих ялаас дээд ба доод хэмжээ нь нэмэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Даваагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй.
Иймд Даваагийн дээрх үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн үндсэн шинж:
Объект: Улсын хил, гаалийн хилээр бараа нэвтрүүлэх, тээвэрлэх талаар хуулиар тогтоосон журам.
Халдлагын зүйл нь хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа байна.
Хориглосон бараа гэдэгт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ.
Хязгаарлалт тогтоосон гэдэгт олон улсын гэрээ, Монгол улсын хууль тогтоомжоор Монгол улсын хилээр, гаалийн хилээр нэвтрүүлэхийг тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан бараа бүтээгдэхүүн, түүхий эд, эд зүйлийг ойлгоно.
Объектив тал: Хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл байна. Энэ хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй.
Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар энэ зүйлд тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “гаалийн хяналтын талбайн хил нь тухайн хэсэгтээ гаалийн хилд тооцогдоно” гэсэн заалтад хамаарах гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна.
Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Субьект: Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хэн ч байж болно.
4.Даваад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Даваа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл болон 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектын (14 болон 16 насанд хүрсэн байх) насны шалгуурыг хангасан, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-ын дагуу эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Даваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” зэрэг хэд хэдэн объектив талын шинжийг тус тус агуулсныг харгалзан үзнэ.
Даваагийн 2020 оны 1 дүгээр сард үйлдсэн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 1- ний өдрийг хүртэл хугацаанд үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, тухайн гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамаарахгүй тул Даваад дээр дурдсан гэмт хэргүүдэд ял оногдуулж, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.
Даваа цагдан хоригдсон тохиолдолд уг хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэнэ.
5.Мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгчид хүлээлгэж, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.5-д “прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах” болон бусад хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх эрхийг мөрдөгчид олгожээ.
Тухайлбал, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.6 дугаар зүйл, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн эх сурвалжийг олж тогтоох зорилгоор хяналтын худалдан авалт хийх аргаар нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч нь “хяналтын худалдан авалт хийх” мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 26.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, эд зүйл, мөнгөн тэмдэгт, зэвсэг хэрэгсэл, бодис бэлдмэл, баримт бичгийг худалдан авах, эсхүл худалдан авахаар хэлцэл хийх ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулна” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26-д “Хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгохоор заасан ба мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу мөрдөгч гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд ийнхүү хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь хойшлуулшгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно. Ингэхдээ мөрдөгч уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.
Бодлогын нөхцөлөөс үзэхэд Даваад холбогдуулан хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах үндэслэлтэй сэжиг тогтоогдсон бөгөөд хяналтын худалдан авалт хийх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйл буюу 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-д заасан заавал прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.
Түүнээс гадна прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн ажиллагааг хүчинтэйд тооцсон шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байх тул хойшлуулшгүй ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Хэрэглэглэх хууль тогтоомж:
-2015 оны Эрүүгийн хууль
- 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
- 18.5 дугаар зүйл.Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль
-2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль
- 9 дүгээр зүйл. Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл
- 9.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/, ... Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/, ...
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
22.4 дүгээр зүйл.Прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах
- Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно.
- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.
- Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.
-Гүйцэтгэх ажлын тухай хууль
2 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил явуулах хүрээ
- 12.1.Гүйцэтгэх ажил дараахь хүрээгээр хязгаарлагдана:
- 12.1.6.алдагдсан нууц бичиг баримт, эд зүйл, галт хэрэгсэл, зэвсэг, тэсрэх болон хүчтэй хордуулах, цацраг идэвхт, мансууруулах бодис, түүх, соёлын дурсгалт зүйл, нуугдмал эд хөрөнгийг эрж олох;
13 дугаар зүйл. Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны бүрэн эрх
- 13.3.Гүйцэтгэх байгууллага, ажилтан дор дурдсан үүрэгтэй:
- 13.3.5.шалгаж төгс шийдвэрлээгүй мэдээ баримтыг задруулахгүй байх, гүйцэтгэх ажлын явцад мэдсэн буюу илэрхий болсон мэдээ баримтыг хууль бусаар хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх
Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо