2023 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, БОДОЛТ
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО
/Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогч нарт зориулсан/
А.Анхаа нь Э.Эрдэнэтэй уулзан Өвөрхангай аймагт амьдардаг өндөр настай авга эгч Д.Дулмаагийн гэрт Ямандаг, Дамдинчойжоо гэх нэртэй хоёр ширхэг эртний бурхан байдаг, тэдгээрийг хулгайлан, зарж мөнгийг нь тэнцүү хувааж авах талаар тохиролцжээ.
Тэрээр Э.Эрдэнэд авга эгчийнхээ гэрийн хаягийг зурж өгөөд, гэрт өндөр настай авга эгчээс гадна бага насны нэг охин байдаг, авга эгч нь чих хатуу бөгөөд бага насны охин утсаа оролдож байгаад унтаад өгдөг, тавилгануудын байрлал, бурхадыг гэрийн хойд хэсэгт авдар дээр байрлуулдаг тухай хэлж, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой өдрийг зааж өгсөн байна.
Ингээд тохиролцсон өдөр болох 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Э.Эрдэнэ Т.Тулга, Б.Батаа нартай зааж өгсөн айлын гадаа ирж, өөрөө гэрийн гадна хүн харж үлдээд Т.Тулга, Б.Батаа нар айл руу гэрийн эздийг унтаж байх үед бурхадыг авахаар оржээ.
Энэ өдөр хохирогч Д.Дулмаагийн гэрт бага насны зээ охиноос нь гадна төрсөн охин Н.Навчаа хамт хонохоор болсон байв. Т.Тулга, Б.Батаа нарыг ороход үед Н.Навчаа сэрж, улмаар Т.Тулга нь Н.Навчаа болон гэрт байсан бусад хүмүүс рүү чиглүүлэн хутга далайж сүрдүүлэх хооронд Б.Батаа гэрийн хоймроос бурхадыг авсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөн аймгийн нутаг дэвсгэрт А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь туршлагатай мэргэжлийн тэсэлгээчин Б.Болдтой хамтарч мөнгө олох зорилгоор газрын гадаргуугаас доош 35.8 метрийн гүн ухагдсан нүхнээс алт илрүүлэхээр шороог ухаж гаргах, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан тэсэлгээ хийх зэргээр тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийж байх явцад Б.Болд нь хуульд заасан тэсэлгээ хийх журам зөрчсөний улмаас түүний амь нас хохирсон болох нь тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэг дээр А.Анхаа дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй, бусад гэмт хэргийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бол Т.Тулга нь чих хатуугийн дээр бичиг, үсэг мэдэхгүй өндөр настай хохирогч Д.Дулмаагаас мэдүүлэг авах ажиллагааг өмгөөлөгчгүй явуулсан тул түүний мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан байна.
ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ:
Бодлогын нөхцөлд эрх зүйн дүн шинжилгээ хийнэ үү.
Бодолт:
1. Хууль зүйн дүгнэлт хийх хэм хэмжээг тодорхойлох.
Эртний бурхадыг хууль бусаар авсан үйлдлийн тухайд: Бодлогын нөхцөлд өгөгдсөн үйл баримтаас харвал А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчилсан гэмт хэргүүдээс тохирох хэм хэмжээг сонгох, тодруулбал, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах”, эсхүл 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй байна.
Мөн бодлогын нөхцөлд хоёр буюу түүнээс дээш тооны этгээд байгаа нь хамтран оролцох хэлбэрийн урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг давхар шалгана.
Тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлийн тухайд: Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болдтой хамтран байгаль орчин, газрын хэвлийг хамгаалах, ашигт малтмалыг хайх, ашиглах, олборлох журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт хуульчилсан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдээс тохирох хэм хэмжээг сонгон шалгах, тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй байна.
Мөн бодлогын нөхцөлд хоёр буюу түүнээс дээш тооны этгээд байгаа нь хамтран оролцох хэлбэрийн урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг давхар шалгана.
Хууль бусаар алтны хайгуул хийх явцад тэсэлгээчин Б.Болдын амь нас хохирсон хэргийн тухайд: Бодлогын нөхцөлд өгөгдсөн энэхүү үйл баримт нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдээс тохирох хэм хэмжээг сонгон авч шалгах, тодруулбал мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй.
2. Сонгож авсан хэм хэмжээ болон түүний хууль зүйн шинжийг тодорхойлж бодлогын нөхцөлтэй субсумци хийх.
2.1. Эртний бурхадыг хууль бусаар авсан үйлдлийн тухайд: Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа нь Э.Эрдэнэтэй авга эгчийнхээ гэрээс Ямандаг, Дамдинчойжоо нэртэй үнэ бүхий эртний бурхадыг хулгайлж аваад цааш худалдан үнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон зэргээс харахад субъектүүдийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байж болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн тайлбарт зааснаар энэ гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаардана.
Гэмт хэргийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцох буюу материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл, түүний улмаас учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн хооронд шалтгаант холбооны объектив хамааралтай байна. Субъектив талын хувьд зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Объектив тал: Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэдэг нь субъект өөрт хамаарахгүй буюу захиран зарцуулах эрхгүй бусдын эзэмшилд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авахыг хэлнэ. Орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр авах нь субъектив ойлголт буюу субъект өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харьцаа байх, эсхүл зарим тохиолдолд орчин тойрны хүмүүсийг үл тоомсорлож, дэргэд нь хулгайлсан байж болно.
Бодлогын нөхцөлөөс харахад Т.Тулга, Б.Батаа нар нь хохирогч Д.Дулмаагийн гэрийн хаалгыг онгойлгож орох үед гэр дотор байсан хүмүүс сэрснээр Т.Тулга хүмүүс рүү хутга далайн сүрдүүлж бурхадыг авч гарсан үйлдэл нь хүч хэрэглэсэн шинжийг агуулсан байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь дээр дурдсанчлан бусдын эд зүйлийг “хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар” авдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгардаг. Хэдийгээр орчин тойрны хүмүүс болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр авах гэдэг нь субъектив ойлголт боловч Т.Тулга, Б.Батаа нар нь гэрт байсан хүмүүст хутга тулгах замаар эд зүйлийг хууль бусаар авч буй үйлдлийн аргаас харахад субъектүүд өөрсдийн үйлдлийг бусдад мэдэгдээгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харьцаатай байсан гэж үзэх боломжгүй буюу нууц аргаар үйлдсэн гэж үзэхгүй.
Субъектив тал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн” байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, субъектүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж буюу мэдэх, түүний улмаас үүсэх үр дагаврыг хүсэх гэсэн оюун санааны элементүүдийг агуулсан байх ёстой.
Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа, Э.Эрдэнэ нар бурхадыг авахаар урьдчилан тохиролцож төлөвлөсөн, Т.Тулга, Б.Батаа нартай чиг үүргээ хуваарилж тохиролцсон зэргээс шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ ухамсарлаж, түүнээс үүсэх үр дагаврыг хүсэж үйлдсэн болохыг харуулж байна.
Хүндрүүлэх шинж: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэхээр хуульчилсан. Хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэдэгт байнга, түр амьдрах зориулалтаар барьсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, майхан, зуслангийн байр, зочид буудал, амралт, сувиллын газар зэргийг ойлгоно. Иймд хохирогч Д.Дулмаагийн гэрт нэвтэрч орсон нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.
Гэсэн хэдий ч эрүүгийн эрх зүйд хууль зүйн техникийн хувьд аливаа гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хангасан нөхцөлд хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шалгаж зүйлчлэх арга зүйг баримтална. Хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж байсан хоёр ширхэг эртний бурхадыг хутга далайн сүрдүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж болох хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэх шинжүүдийг хангахгүй байх тул уг гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж тодорхойлсон бөгөөд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хүндрүүлэх, ингэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан. Хууль тогтоогчоос уг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг дээр дурдсан хууль зүйн техникээс ялгаатай аргаар буюу харилцан өөрөөр томьёолсон байх тул гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг шууд шалгах нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлээр илрэх буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. Субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Объектив тал: Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь субъект бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэж халдах, улмаар эрүүл мэндэд нь гэм хор учруулсан буюу учруулахуйц нөхцөлийг бий болгосон, эсхүл шууд хүч хэрэглэн халдаагүй боловч үйлдэл, үг хэлээрээ айлган сүрдүүлж, тэр нь учрах үедээ биелэх боломжтой гэж хохирогчид итгүүлэх замаар сэтгэл санааны хувьд хүч хэрэглэж заналхийлснийг ойлгоно. Довтолгоо нь хохирогчийн эсрэг чиглэсэн, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний эсэргүүцэл үзүүлэх боломжийг алдагдуулж байгаа идэвхтэй үйлдлээр илэрнэ.
Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь А.Анхаагийн зааж өгсөн айлын гэрт орж улмаар гэрт амарч байсан хүмүүс сэрэх үед өндөр настай хохирогч Д.Дулмаагийн охин Н.Навчаа болон гэрт байсан хүмүүсийн эсрэг хутга далайн амь биед нь аюултай аргыг хэрэглэж сүрдүүлэн, учрах үедээ биелэх боломжтой гэж хохирогч нарт итгүүлэх замаар хүч хэрэглэхээр заналхийлж Ямандаг, Дамдинчойжоо гэх нэртэй эртний бурхадыг авч явсан үйлдэл нь дээрх объектив талын шинжийг хангасан байна.
Субъектив тал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн” байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, субъектүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж буюу мэдэх, түүний улмаас үүсэх үр дагаврыг хүсэх гэсэн оюун санааны элементүүдийг агуулсан байх ёстой.
Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалаастай байгаа хоёр ширхэг эртний, үнэ бүхий бурхадыг авахаар урьдчилан тохиролцож, үйлдлээ хэрэгжүүлсэн байдлаас субъектүүдийг үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж, түүний улмаас үүсэх үр дагаврыг хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.
Онц хүндрүүлэх шинж: Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “Энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” бол онц хүндрүүлэх шинж байхаар хуульчилсан. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлс гэдэг нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хэлнэ. Бодлогын нөхцөлөөс харахад Т.Тулга нь гэрт нэвтэрч дотор байсан хүмүүсийг хутга далайн сүрдүүлсэн нь зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх шинжид хамаарна.
Иймд хохирогч Д.Дулмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрт байсан хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг буюу хутга хэрэглэн сүрдүүлж хоёр ширхэг эртний бурхадыг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зэвсэг хэрэглэсэн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
2.2 Тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлийн тухайд:
Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь тэсэлгээчин Б.Болд гэгчтэй хамтран хайгуулын тусгай зөвшөөрөлгүйгээр тэсэлгээний бодис ашиглаж алт хайсан болох нь харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг хангасан байж болох юм. Энэ гэмт хэргийн объектив тал нь заавал материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй буюу үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Субъектив талын хувьд зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Объектив тал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан объектив талын үндсэн шинж нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан ...” идэвхтэй үйлдлээр илэрнэ.
Ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах ажиллагаа нь хүрээлэн буй орчин, газрын хэвлийг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглахад чиглэсэн төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон газар зүйн солбицол бүхий талбайд хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан хуулийн этгээдээс тодорхой журамд нийцүүлэн тусгай зөвшөөрөл авч явуулдаг үйл ажиллагаа юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд Ашигт малтмалын тухай хуулийн (2006) 18, 20 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу олгогдоно.
Бодлогын нөхцөлөөс А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болд гэгчтэй хамтран газрын хэвлий рүү 35.8 метр гүн ухагдсан нүхэнд тэсэлгээ хийх замаар алтны эрэл, хайгуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр хийсэн болох нь тодорхой харагдаж байна.
Субъектив тал: “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, субъект нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж буюу мэдэх, түүний улмаас үүсэх үр дагаврыг хүсэх оюун санааны элементүүдийг агуулсан байх ёстой.
А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь мөнгө олох зорилгоор тэсэлгээчин Б.Болдтой харилцан тохиролцож газрын хэвлийд халдан алтны эрэл, хайгуул хийсэн нь тэднийг үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Эрүүгийн эрх зүйд субъект үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлах гэдэгт заавал Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон шинжийг мэдсэн байхыг шаардахгүй бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдлыг оюун санааны бүрэн эрх чөлөөний үндсэн дээр ойлгож, тухайн үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хууль бус мэдрэмжийг ухамсарлаж байхад хангалттай гэж үздэг. Аливаа ашигт малтмал, газрын хэвлийн нөөцийг төрийн эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж болохгүй гэдэг нь нийтэд илэрхий ойлголт юм. Ийнхүү үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж мөнгө олох зорилгоор газрын хэвлийд халдаж буй нь үйлдлийнхээ үр дагаврыг хүсэж үйлдсэн шинжийг хангаж байгааг илэрхийлж байна.
А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болдтой хамтран тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг хангасан гэж дүгнэж болно.
2.3 Хууль бусаар алтны хайгуул хийх явцад тэсэлгээчин Б.Болдын амь нас хохирсон хэргийн тухайд:
Хууль бусаар алтны хайгуул хийх явцад хуульд заасан журмыг зөрчиж тэсэлгээ хийсний улмаас тэсэлгээчин Болдын амь нас хохирсон үйл явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан байж болох юм. Энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэмт үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байх, гэмт үйлдэл /эс үйлдэхүй/ болон хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбооны объектив хамааралтай байна. Субъектив тал нь гэмт буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ.
Объектив тал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийг гэмт санааны үндсэн дээр үүсэж гадагш илэрсэн үйлдэл /эс үйлдэхүй/ байж сая ялын зорилго бодитой хэрэгждэг гэж үздэг. Харин субъект өөрийн үйлдэл /эс үйлдэхүй/ нь нийгэмд аюултай үр дагаврыг бий болгоно гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж, эсхүл мэдсэн боловч түүнийг үүсгэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсанаар хуульд заасан хохирол, хор уршгийг бий болгосон буюу гэмт санааны элементийг агуулаагүй тохиолдолд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөвхөн тухайн нөхцөлд субъектэд үүссэн үүрэгтэй холбогддог. Үүнийг эрүүгийн эрх зүйн онолд “Анхаарал болгоомжтой байх үүрэг” гэж томьёолдог. Ийм гэмт хэрэг нь дийлэнхдээ эс үйлдэхүйгээр үйлдэгдэх нь элбэг бөгөөд шүүгдэгч өөрт нь хууль болон зүй ёсны дагуу оногдуулсан үүргийг хайнга тоомжиргүйн улмаас зөрчсөнөөр эрүүгийн хариуцлага оногдуулах үр дагавар үүсэх үндэс болдог. Болгоомжгүй гэмт хэргийн үүргийн ойлголттой нягт холбогддог энэхүү шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспозицид гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болгож тодорхойлсон байна.
Ийнхүү үүргээ биелүүлээгүй явдал нь түүний улмаас учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбооны объектив хамааралтай. Анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, түүний улмаас бий болсон гэж үзэж буй үр дагавар хоёрын хооронд объектив хамааралтай эсэхийг тодорхойлоход тухайн нөхцөл байдалд субъектэд анхаарал болгоомжтой байх үүрэг үүссэн байсан эсэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, субъектэд анхнаасаа тухайн нөхцөл байдалд хүлээсэн үүрэг байгаагүй бол хохирол, хор уршигт субъектын эс үйлдэхүй объектив хамаарал бүхий шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй.
Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь мэргэжлийн тэсэлгээчин Б.Болдтой тохиролцож мөнгө олох зорилгоор хууль бусаар алтны хайгуул хийх явцдаа хуульд заасан журмыг зөрчиж тэсэлгээ хийсний улмаас Б.Болдын амь нас хохирсон байна. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай (2013) хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар “тэсэлгээний ажлыг Монгол Улсын хуулийн этгээд гүйцэтгэх” ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтад зааснаар “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах”-ыг хориглоно. Үүнээс үзэхэд А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь тэсэлгээчин Б.Болдтой харилцан тохиролцож тэсэлгээ хийлгэсэн нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан үйлдлийн арга нь хууль бус шинжтэй болохыг илэрхийлнэ.
Гэсэн хэдий ч энэ шинж нь тухайн нөхцөл байдалд А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нарт Б.Болдын амь насыг хохирохоос сэргийлэх үүрэг үүссэн гэж үзэх шууд үндэслэл болохгүй. Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болдтой мөнгө олох зорилгоор харилцан тохиролцож гэмт хэрэг үйлдсэн байх ба энэ тохиролцоогоор тэдгээрийн хооронд бие биеийнхээ аюулгүй байдлыг харилцан хариуцах үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй юм.
Эрүүгийн эрх зүйн онолд анхаарал болгоомжтой байх үүргийг ерөнхий, тусгай, өөртөө үүрэг үүсгэх байдлаар үүсэж болдог гэж үздэг. Ерөнхий үүрэг гэдэг нь энгийн хүн болгон мэддэг эсвэл мэдэх боломжтой байсан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн болгоомжлол хамаарна. Өөрөөр хэлбэл, субъектээс өдөр тутмын амьдралдаа нийгмийн нормаль харилцаанд шаардлагатай хэмжээний болгоомж анхаарал тавих үүрэг юм. Гэсэн ч Б.Болд нь туршлагатай мэргэжлийн тэсэлгээчин байсан талаар бодлогын нөхцөлд өгөгдсөн. Тэсрэх, дэлбэрэх бодистой харьцах, ашиглах нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дагуу мэргэжлийн этгээд гүйцэтгэх тул Болдын амь нас хохирсон тухайн нөхцөл байдалд А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нарт ерөнхий байдлаар үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй.
Иймд субъектүүд мөнгө олох зорилгоор харилцан тохиролцож хууль зөрчсөн аргаар алтны хайгуул хийсэн үйлдэл нь “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн хуульд заасан объектив талын үндсэн шинж болох үүргийн тухай ойлголтыг үүсгэхгүй. Үүгээрээ субъектүүдийн үйлдэл ба Б.Болдын амь нас хохирсон үр дагаврын хоорондох шалтгаант холбооны объектив хамаарал мөн үгүйсгэгдэж байна.
Субъектив тал: Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, субъектийн оюун санаа зөвхөн мэдэх элементийг агуулсан байхад хангалттай буюу үйлдлийнхээ үр дагаврыг хүсэж үйлдсэн шинж байдаггүй.
Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болдтой мөнгө олох зорилгоор хамтран хууль бусаар алтны хайгуул хийж байх явцад уг үйл баримт болсон байх тул үр дагаврыг хүссэн гэж үзэх шинжийг агуулаагүй нь илэрхий байна. Харин мэдэх элемент нь анхаарал болгоомжтой байх үүрэгтэй салшгүй уялдаатай бий болдог тул энэ талаар дээр дүгнэсэнчлэн мэдэх элемент байх боломжгүй.
Иймд А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар Б.Болдтой хамтран тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийх явцад хуульд заасан журам зөрчиж тэсэлгээ хийснээс Б.Болдын амь нас хохирсон гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн объектив, субъектив шинжийг хангахгүй байна.
3. Гэмт хэрэг үйлдэх үе шат.
Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийг гэмт хэрэгт бэлтгэх, завдах, төгсгөх гэсэн үе шатуудад хувааж үздэг бөгөөд хуульд заасан тохиолдолд туйлдаа хүрч төгсөөгүй гэмт үйлдэлд ял оногдуулна. Гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй байна гэдэг нь субъект Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангах зорилгоор тодорхой үйлдэл хийсэн боловч гаднын хүчин зүйлийн нөлөөллөөр, эсхүл өөрийн сайн дурын үндсэн дээр тухайн үйлдлээ төгсгөөгүй буюу хуульд заасан хохирол, хор уршгийг бий болгоогүй байдаг. Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлд “Гэмт хэрэгт бэлтгэх”, 2.8 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах” үед ял оногдуулах журмыг тогтоосон.
Хохирогч Д.Дулмаагийн гэрт нэвтэрч хүч хэрэглэхээр заналхийлж эртний бурхадыг дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар дээр дүгнэлт хийсэн. Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэмт үйлдлийн төгсгөлд заавал тодорхой хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсөнө. Иймд айлын гэрт нэвтэрч хутгаар сүрдүүлж бурхадыг авч явснаар гэмт үйлдэл төгссөн байна.
Түүнчлэн А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болд гэгчтэй харилцан тохиролцож тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн гэмт хэрэг нь мөн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хуульд заасан журмыг зөрчиж тэсэлгээ хийж газрын хэвлийд халдсанаар гэмт үйлдэл төгсдөг.
Иймд бодлогын хүрээнд гэмт хэрэгт бэлтгэх, завдах, завдалтаас сайн дураар татгалзах үе шатуудыг шалгах шаардлагагүй байна.
4. Гэмт хэрэгт хамтран оролцох.
Гэмт хэрэг үйлдэхэд хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэрэгт хамтран оролцогч нарын оролцоо буюу гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн зохион байгуулалтын хэлбэрээр нь хамтран оролцох хэлбэр, төрлүүдийг тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу ял оногдуулна.
4.1. Эртний бурхадыг хууль бусаар авсан үйлдлийн тухайд:
Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь хохирогчийн гэрт хадгалагдаж байсан хоёр ширхэг эртний бурхадыг авч худалдан улмаар мөнгийг нь хувааж авах талаар урьдчилан тохиролцсон нь тэдгээрийг энэ гэмт хэрэгт урьдчилан тохиролцох байдлаар санаатай нэгдэж хамтран оролцсон болохыг харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэнэ. А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь хохирогчийн гэрээс бурхадыг авах талаар урьдчилан тохиролцож гэмт үйлдэлдээ санаатай нэгдсэн нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Харин Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын дагуу субъект тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо буюу гүйцэтгэсэн чиг үүргийг ялгамжтай тогтоож хамтран оролцогчийн төрөлд тохирсон ял оногдуулах ёстой. Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа нь Э.Эрдэнэтэй урьдчилан уулзаж авга эгч нь гэртээ эртний үнэ бүхий Ямандаг, Дамдинчойжоо зэрэг бурхадыг хадгалдаг талаар хэлж, гэрийн хаяг, гэрт хамт амьдардаг хүмүүсийн талаар болон гэрийн доторх тавилгануудын байршил, гэмт хэргээ үйлдэхэд тохиромжтой өдрийг зааж өгөх зэргээр идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, төлөвлөсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ”. А.Анхаагийн үйлдэл, оролцоо нь гэмт хэргийн зохион байгуулагчийн шинжийг хангаж байна.
Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байх нь шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ. Бодлогын нөхцөлөөс А.Анхаа нь “нагац эгч нь чих хатуу бөгөөд хамт амьдардаг бага насны охин нь утсаа оролдож байгаад унтдаг” гэх зэргээр хоёр ширхэг эртний бурхадыг гэрийн гишүүдэд мэдэгдэхгүйгээр хулгайлж авах боломжийн талаар санаачилж, Э.Эрдэнэ болон Т.Тулга, Б.Батаа нартай хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж буй эртний бурхадыг хулгайлж аваад цааш худалдаж мөнгийг нь хувааж авахаар тохиролцсон болох нь харагдаж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нарыг айлд нэвтэрч орох үед гэрт байсан хүмүүс сэрж хулгайлах гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэрэгт шилжжээ.
Эрүүгийн эрх зүйд зарим тохиолдолд гэмт хэрэг нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдолд гардаг. Энэ тохиолдолд нийлмэл гэмт хэргээр зүйлчлэх, нэг гэмт хэрэг нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйчлэх зэрэг зүйчлэлийн асуудал хөндөгддөг. Гэхдээ нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх, сүүлд үйлдсэн гэмт хэрэг нь эхний гэмт хэргээс ямагт хүнд байх шинжийг агуулж байх ёстой. Бодлогын нөхцөлөөс субъектүүд нь эртний бурхадыг хулгайлах санаа зорилгоор үйлдлээ эхлүүлсэн боловч гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр хулгайлах үйлдлээ төгсгөх боломжгүй болсон ба гэмт хэрэг үйлдлээ төгсгөхөд саад учруулж буй хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлэх замаар дээрэмдэх гэмт хэрэг шилжсэн болох нь харагдаж байна. Иймээс сүүлд төгссөн гэмт үйлдэл, түүний үр дагаврыг харгалзан бурхадыг авч явсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв юм.
Энэ үйл явдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсны дагуу Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь анх тохиролцсон хулгайлах гэмт хэргээс өөр гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Гүйцэтгэгч бусад хамтран оролцогч нартай хэлэлцэж тохирсноос өөр гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн тохиолдолд бусад хамтран оролцогчид гүйцэтгэгчийн үйлдсэн шинэ гэмт хэрэгт субъектив болон объектив хамаарал байдаггүй. Иймд мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй” гэж заасны дагуу А.Анхаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэж ял оногдуулах үндэслэлгүй. Харин мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзэхээр байна. Ингэснээр эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн шинжид нийцсэн байх шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ.
Түүнчлэн Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар тус тусын идэвхтэй үйлдлүүдийг тохиролцож “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хамтран бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасныг хангажээ. Тодруулбал, Э.Эрдэнэ айлын гадна хүн харж үлдэх, Т.Тулга, Б.Батаа нар айл руу орж бурханыг авах талаар тус тусын чиг үүргийг хамтран хуваарилж, бурхадыг авч идэвхтэй үйлдлээр гүйцэтгэж төгсгөсөн болохыг харуулж байна.
4.2. А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлийн тухайд:
Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь мөнгө олох зорилгоор харилцан тохиролцож тэсрэх бодис ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн нь тэдгээрийг энэ гэмт хэрэгт урьдчилан тохиролцох байдлаар санаатай нэгдэж хамтран оролцсон болохыг харуулж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” шинжийг хангажээ.
5. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал.
Үйлдэл, эс үйлдэхүйн объектив болон субъектив шинжийн хувьд гадаад илрэх байдлаараа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан боловч Эрүүгийн хуулиар хамгаалсан нийгэм, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн болон өөрийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах зорилгын үүднээс хийсэн нийгэмд ашигтай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт аргагүй хамгаалалт; гарцаагүй байдал; баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах; албадлага, эрхшээлд автах; үндэслэл бүхий эрсдэл; тушаал даалгавар биелүүлэх гэсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын төрлүүдийг хуульчилсан.
Субъектүүдийн хоёр ширхэг эртний бурхадыг хууль бусаар авсан үйлдэл болон тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашиг, сонирхлыг хамгаалах зорилго агуулсан гэж үзэх үндэслэл бодлогын нөхцөлд өгөгдөөгүй байх тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын шинжийг шалгах шаардлагагүй.
6. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журмыг тодорхойлох.
6.1. Эртний бурхадыг авсан үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд:
Бодлогын нөхцөлд А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн эсэх, хэрэг хариуцах чадварын талаар тодорхой нөхцөл өгөгдөөгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэхээр байна.
А.Анхаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна. А.Анхаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн тул.
Эрдэнэ, Т.Тулга, Батаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг нь мөн хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан 12 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Уг гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг байх тул уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй.
Мөн субъектүүдийн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Харин Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж байсан хоёр ширхэг эртний бурхадыг дээрэмдэн авсан үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
6.2. Тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт тооцогдоно. Мөн хуулийн 1.10 хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх ба субъектүүдийн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 24.2 угаар зүйлд заасан гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт тооцогдож байна. Э.Эрдэнэ, Б.Батаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.
6.3. Шүүхийн хэлэлцүүлэгч А.Анхаагийн гаргасан хүсэлтийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нөхцөлүүдийг хуульчилсан. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон; эсхүл хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулсан. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол” тэнсэх зохицуулалт үйлчлэхгүй. А.Анхаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг зохион байгуулсан, 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг буюу тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх хоёр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт үйлчлэхгүй.
Иймд А.Анхаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг зохион байгуулснаар, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нөхцөлийг шийдвэрлэх.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн субъект юм. Хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг зорилт мөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдлуудыг хуульчилсан. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэсэн тохиолдлыг хамааруулсан боловч “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” тохиолдлуудыг онцолж хуульчилсан байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн наймдугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эдлэх, эрх үүргийг зохицуулсан. Энд хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах зэрэг эрхүүдийг тодорхойлж өгсөн. Түүнчлэн мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасан. Эдгээр хуулийн заалтууд нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангах, хохирогчийн эрх ашгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хангаж ажиллах бололцоог бүрдүүлэхэд чиглэдэг.
Хэрэв хохирогч аливаа нөхцөл байдлын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй, чадамжгүй бол хууль ёсны төлөөлөгч томилох, өмгөөлөгч авах эрхийг нь хангах зэргээр эрх ашгийг нь хамгаалдаг. Монгол бичиг, үсэг мэдэхгүй байх нь мэдүүлэг авах ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах зэргээр өөрийн эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалж чадахгүйд хүрэх нөхцөл байдлыг бий болгох тул ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрх, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасны дагуу эрхийг нь хангаж өмгөөлөгчөөр хангах, эсхүл хууль ёсны төлөөлөгчийн хамт мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулах ёстой. Иймд өндөр настай хохирогч Д.Дулмаагаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Т.Тулгын хүсэлтийг хангаж мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргах үндэслэлтэй.
Дүгнэлт
Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж байсан Ямандаг, Дамдинчойжоо гэх нэртэй эртний бурхадыг хутга далайн сүрдүүлж хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж” үйлдсэн байна. Ингэхдээ хутга буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилж байна.
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулна.
А.Анхаа нь Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нарт хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж буй хоёр ширхэг эртний бурхдын талаар мэдээллийг дамжуулж гэмт хэргийг санаачлан удирдаж, төлөвлөсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг зохион байгуулсан байна. Ингэхдээ анхнаасаа уг бурхадыг айлын гэрт орж нууцаар хулгайлж аван цааш худалдах талаар санаачилж, төлөвлөсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зохион байгуулсан гэж зүйлчилж байна.
Түүнчлэн А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт ухагдсан нүхнээс шороо гаргах, хууль бусаар тэсэлгээ хийх зэргээр тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргээр зүйлчилнэ. Ингэхдээ гэмт хэргийг үйлдэхдээ А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулна.
Харин А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь мэргэжлийн тэсэлгээчин Болдтой тохиролцож хамтран хууль бусаар алтны хайгуул хийх явцад хуульд заасан журмыг зөрчиж тэсэлгээ хийсний улмаас Б.Болдын амь нас хохирсон үйл явдлын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно. А.Анхаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг зохион байгуулснаар; Э.Эрдэнэ, Б.Батаа нарт мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан ял дээр; А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тодорхойлно.
А.Анхаагийн гаргасан хүсэлтийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт А.Анхаагаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хүсэлтийг хангах үндэслэлгүй.
Т.Тулгын гаргасан хүсэлтийн тухайд: Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт хамааралтай боловч чих хатуу, бичиг, үсэг мэдэхгүй, өндөр настай хохирогчийн эрх ашиг хохирч болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хохирогч хангагдах бөгөөд өөрийн эрх ашгийг хамгаалах чадваргүй хохирогчийн дээрх эрхийг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн үүрэг юм. Иймд Т.Тулгаас гаргасан өндөр настай хохирогч Д.Дулмаагийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байна.