2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, БОДОЛТ

Blog Single

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

/Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 он/

Иргэн А нь БНСУ-д гэрээгээр нэг жилийн хугацаатай явах болсон тул өөрийн хашаа, байшиндаа багын найз Б-гээ гэр бүлийнх нь хамт суулгаад явжээ. А-ийн хашааны нэг буланд excel машины хуучин кузов, амбаарт нь хуучин аккумлятор, бага зэрэг элэгдсэн 4 дугуй байв. Б нь дээр эд ангийг ашиглан машин босгохоор шийдэж, хуучин мотор болон бусад эд ангиуд сэлбэг хэрэгслийг худалдан авч машин угсарчээ. А жилийн дараа эргэж ирээд өөрийнх нь хашаанд байсан эд ангиудыг Б ашиглан машин угсарсан байх тул А уг машиныг өмчлөх эрхтэй гэж үзээд Б-д зохих төлбөрийг төлж машиныг А-ийн өмчлөлд шилжүүлэх эс зөвшөөрвөл А-ийн машины эд ангийг буцааж өг гэж шаардсан байна. Б нь үүнийг эс зөвшөөрч, машиныг болон эд ангийг А-д шилжүүлэх боломжгүй, харин А-д учирсан хохирлыг нөхөн төлж болох юм гэж маргасан байна.

Асуулт:

Эрх зүйн дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэнэ үү.

Бодолт:

Бодлогын нөхцөлөөс харахад өмчлөх эрхээс үүдэлтэй шаардах эрх буюу Иргэний хуулийн 8.1.6 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хүрээнд үүссэн маргаан байна.

А нь түүний өмчлөлийн машины эд ангиудыг хууль бусаар ашиглаж, шинээр угсарсан машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох машины эд ангиудыг буцаан шаардаж байна.

Шаардах эрх үүссэн эсэх

Иргэний хуулийн 106.1 зүйлийн дагуу шаардах эрх үүссэн эсэхийг тогтоохдоо юуны өмнө А нь тухайн шаардаж буй эд хөрөнгийн өмчлөгч мөн болох, Б нь уг зүйлийг эзэмшилдээ авсан, хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй этгээд болохыг тогтоох шаардлагатай. Бодлогын нөхцөлөөс харахад А нь бодлогын нөхцөлд дурдсан машины зарим эд ангийг өөрийн хашаа болон амбаарт үлдээсэн бөгөөд Б нь тухайн эд ангийг ашиглаж машин угсарснаа хүлээн зөвшөөрч байх тул А нь тухайн машины эд ангиудын өмчлөгч мөн байна.

Иргэний хуулийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хуульд заасан хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн хуулийн 106.1-д өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул А нь өөрийн өмчлөлийн машины зарим эд ангийг Б-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Шинээр бий болсон эд хөрөнгийн хувьд шаардах эрх үүссэн эсэх:

Иргэний хуулийн 120.1-д хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон бол уг этгээд болон эд хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай хувь тэнцүүлэн тодорхойлно гэж заасан байна. Иймд шинээр бий болсон машиныг А болон Б нар дундаа хэсгээр өмчилнө.

Харин бодлогын нөхцөлд талууд дундаа хэсгээр өмчлөх хүсэлгүй бөгөөд шинээр бий болсон машины өмчлөгч нь хэн болох талаар маргаан үүсч байх тул шинээр бий болсон машины өмчлөгч хэн болохыг шалгаж үзье.

Иргэний хуулийн 120.2-д талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байна гэж заасан. Бодлогын нөхцөлд дурдсаны дагуу Б нь мотор болон бусад эд ангиуд худалдан авч, машиныг угсарч илүү хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан байна. Иймд иргэн Б нь шинээр бий болсон машины өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй эсэх:

А -ийн шаардах эрхийг шалгаж үзвэл:

Иргэний хуулийн 120.2-д заасны дагуу бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө болон хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон хөрөнгийн өмчлөгч болох бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж заасан байна. Бодлогын нөхцөлд машины эд ангиудыг засан сайжруулах буюу дахин боловсруулах замаар өөр эд ангитай нийлүүлэх замаар машин угсарсан байх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн зохицуулалт илүү хамааралтай гэж дүгнэж байна. Гэхдээ Иргэний хуулийн 119.2, 119.3 дах хэсгийн зохицуулалтыг дурдаж дүгнэлт хийснийг төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу хүлээн зөвшөөрөх боломжтой гэж дүгнэн оноо өгсөн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 119.3 дах хэсэгт энэ хуулийн 119.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж заасан байна.

Бодлогын нөхцөлөөс харахад А нь Б-ээс шинээр бий болсон машинаас олсон ашиг, орлогыг нэхэмжлээгүй харин уг машиныг өмчлөх эрхтэй гэж маргасан тул Иргэний хуулийн 120.2 дах хэсэгт заасны дагуу А нь шинээр бий болсон машиныг болон өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байна. Харин өөрт учирсан хохирлоо иргэний хуулийн 495.1-д заасны дагуу шаардах эрхтэй бөгөөд 495.2- дах хэсэгт заасны дагуу нэн даруй шаардах эрхтэй байна.

Эрх зүйн үр дагавар:

  1. Иргэний хуулийн 120.2 (119.2) дэх хэсэгт заасны дагуу өөр өөр этгээдийн өмчлөлийн зүйл нийлж, холилдох замаар шинээр бий болсон эд хөрөнгө болох машины өмчлөгч нь Б байна.

  2. Иргэний хуулийн 120.2 (119.3) зүйлд заасны дагуу иргэн А нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах буюу машины зарим эд ангийг буцаан шаардах эрхгүй байна.

  3. Иргэний хуулийн 106.1, 120.2 (119.3), 495.1, 495.2 дах хэсэгт заасны дагуу Б нь өөрт учирсан хохирлоо шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо