Мэдээ, мэдээлэл

Image 3
2023 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, БОДОЛТ

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

     Монгол улсын хөгжлийн банк / МХБ/ нь “Т” ХХК-тай 2015 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 ам.долларыг, жилийн 8.45 хувийн хүүтэй, 2024 оны 12 сарын 01-нийг хүртэл хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.

    2015 оны 07 сарын 20-ны өдөр “Т” ХХК нь дээрх зээлийн эх үүсвэрийг ашиглан “ЮПГ” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж “Т” ХХК нь “ЮПГ” ХХК-ийн хувьцааг барьцаалсан. “ЮПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс барьцааны гэрээнд заасан “ЮПГ” ХХК-ийн хувьцаатай холбоотой шаардах эрхийг “Т” ХХК-д шилжүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

     Эдгээр барьцааны гэрээ болон мэдэгдлийг үндэслэн “Т” ХХК нь 2015 оны 08 сарын 12-ны өдөр Монгол улсын хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж “Хувьцаа барьцаалах гэрээ”-ний шаардах эрхийг барьцаалсан. Ийнхүү барьцаалахдаа хэрэв зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хувьцаатай холбоотой эрх шилжихээр тусгажээ.

     Ингээд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул Монгол улсын хөгжлийн банкнаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 100 сая төгрөгийг шаардаж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

      Дээрхийн эсрэг хариуцагч талаас “ЮПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Т” ХХК болон Монгол улсын хөгжлийн банкны хооронд байгуулагдсан 2015 оны 8 сарын 12- ны өдрийн “Шаардах эрх барьцаалах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

    Асуулт 1: МХБ-ны нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийнэ үү.

  Асуулт 2: Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ямар шийдвэр гаргах вэ?

Б. Бодлогын дэлгэрэнгүй шийдэл:
     Асуулт 1: МХБ-ны нэхэмжлэл үндэслэлтэй эсэхийг шалгая.
   Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхийн тулд МХБ нь хариуцагч “ЮПГ” ХХК-ийн эсрэг барьцааны эрхээс гүйцэтгэл явуулах ИХ-ийн §164.1, 158.1-д заасан шаардах эрхтэй байх ёстой.

I. Зээлийн гэрээний шаардах эрх:

   Нэхэмжлэгч нь “Т” ХХК-тай 2015 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 ам.долларыг, жилийн 8.45 хувийн хүүтэй, 2024 оны 12 сарын 01-нийг хүртэл хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож, ИХ-ийн §451.1-д заасан зээлийн гэрээг байгуулсан. Талууд зээлийн гэрээний үүрэг хангагдахгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөс гүйцэтгэл явуулахаар тохирсон.

II. Барьцааны эрхээс гүйцэтгэл явуулахаар шаардах эрх, ИХ-ийн §164.1, 158.1:

    Зээлийн гэрээний хариуцагч нь Т-ХХК байгаа ч нэхэмжлэгч нь “ЮПГ” ХХК-ийн эсрэг барьцааны эрх олж авсан нөхцөлд барьцаагаар хангуулах шаардлага гаргах эрхтэй болно.

1. Барьцааны эрх үүссэн эсэх:

а. Үндсэн шаардлага ба эрхийн барьцаа:

    2015 оны 07 сарын 20-ны өдөр “Т” ХХК нь дээрх зээлийн эх үүсвэрийг ашиглан “ЮПГ” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор “Т” ХХК нь “ЮПГ” ХХК-ийн хувьцааг барьцаалсан гэжээ. Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ нь ИХ-д дурдагдаагүй, гэхдээ 2 хувь этгээдийн оролцоо бүхий зээлийн болон хамтран ажиллах төрлийн гэрээний үүргүүдийг зохих хэмжээгээр хослуулсан нэрлэгдээгүй бөгөөд холимог гэрээ юм, ИХ-ийн §189.1.                                                                                                                     

     Барьцааны эрхийн үндэс нь “Т” ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтаа буцаан шаардах эрх бөгөөд үүнийг “ЮПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн /гуравдагч этгээдийн/ хувьцаагаа компаниас шаардах эрхийг барьцаалах гэрээгээр баталгаажуулсан.                                                                               

    Тэгэхээр хувьцаа шаардах эрхийг барьцаалах эрх нь “Т” ХХК-д анхдагч хэлбэрээр үүсжээ.

б. Нэхэмжлэгч барьцааны эрхийг шилжүүлж авсан эсэх:

     Нэхэмжлэгч МХБ нь “Т” ХХК-д анхдагч хэлбэрээр үүссэн барьцааны эрхийг хожим шилжүүлэн авсан эсэхийг шалгана. Барьцаалагч шаардах эрхээ шилжүүлэхэд ИХ-ийн §123-ыг баримтлана. ИХ-ийн §123.2.-ын дагуу шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болох ба §123.6.-д шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ.

        “Т” ХХК нь 2015 оны 08 сарын 12-ны өдөр Монгол улсын хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, “ЮПГ” ХХК-ийн эсрэг түүний хувьцаа эзэмшигчийн “Хувьцаа барьцаалах гэрээ”-ний шаардах эрхийг МХБ-нд барьцаалах тухай 2015 оны 12-ны өдрийн “Шаардах эрх барьцаалах гэрээ”- г байгуулсан.

        Ийнхүү барьцаалахдаа “Т” ХХК бусдын өмнө зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хувьцаатай холбоотой эрх шилжихээр тусгасан заалт нь нэхэмжлэгч МХБ-нд уг эрхийн барьцаагаар хангуулах эрх шилжсэн эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс энд гэрээг тайлбарлах тухай ИХ-ийн §198.5-ын дагуу талуудын хүсэл зоригийг тайлбарлах ба үүний сацуу ИХ-ийн §123.6.-д заасан шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх гэдэгт нийцэх гэрээг МХБ байгуулж чадсан эсэхийг тодруулах шаардлагатай.

       ИХ-ийн §155.1.-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдсан шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих тухай зохицуулалт нь мөн ИХ-ийн §161.1.-д үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх замаар барьцааны эрхээ бусдад шилжүүлж болно хэмээн тусгалаа олжээ. Эдгээр зохицуулалт нь барьцаагаар хангагдсан үндсэн шаардах эрх өөр этгээдэд шилжихэд барьцааны эрх нь уг үндсэн шаардах эрхтэй хамт шилжих дагалдах эрх болохыг тодотгосон агуулгатай.

    Өөрөөр хэлбэл ИХ-ийн §161.1-д заасанчлан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох барьцааны эрх нь үндсэн шаардлагаас тусдаа шилжих боломжгүй байхаар зохицуулсан, барьцааны эрх нь үндсэн үүргийг баталгаажуулах зорилго бүхий дагалдах эрх бөгөөд үндсэн шаардах эрхгүйгээр барьцааны эрх нь үүсэж, оршин тогтнож, бусдад шилжих боломжгүй. Тиймдээ ч тухайн салгаж үл болох эрхийг дангаар шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцэл нь хууль зүйн хүчин төгөлдөр бус байх ёстой, ИХ-ийн 56.1.1.

      Энэ маргааны хүрээнд “үндсэн шаардлага+барьцааны эрх” гэсэн ойлголтуудын зэрэгцээ хувьцаа шаардах эрхийг барьцаалж, түүнийг шилжүүлж байгаа нь маргаан үүсгэх хүчин зүйл болсон. Тухайлбал “Т”ХХК-ийн зүгээс “ЮПГ”ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-ээс үүдэлтэй хөрөнгө оруулалтаа буцаан шаардах эрх нь МУ-ын Хөгжлийн банканд шилжээгүй, харин хувьцаа барьцаалах эрх энэхүү үндсэн шаардлагаас тусдаа гэхдээ хувьцааг компаниас гаргуулах хувьцаа эзэмшигчийн шаардах эрхийн хамт шилжсэн байх магадлалтай.

      Хөгжлийн банк зээл олгохдоо хөрөнгө оруулалтын гэрээний буцаан шаардах эрхийг (шаардах эрх №1) шилжүүлж аваагүй, гагцхүү “ЮПГ”ХХК-ийн хувьцааг барьцаалах эрхийг (шаардах эрх №2) л зээлийн гүйцэтгэлийн барьцаа болгон шилжүүлж авах тухай заасан. Анхан шатны шүүх барьцааны эрх шилжихийн тулд ИХ-ийн §161.1-д заасан “үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх замаар барьцааны эрхээ бусдад шилжүүлж болно” гэдгийг явцуу хүрээнд барьцааны зүйл болж буй хувьцаа шаардах эрх биш, харин түүнийг барьцаалах болсон шалтгаан буюу хөрөнгө оруулалтын гэрээний шаардлага шилжих замаар шилжих ёстой гэж тайлбарласан.

   Дээрх тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээний шаардлага нь барьцааны эрхтэй салшгүй холбоотой үндсэн шаардлага бөгөөд “ЮПГ”ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьцаа шаардах эрхээ барьцаалах гэрээнд тусгагдсан хувьцааг шаардах эрх, барьцааны эрх гэсэн 2 ойлголтоос ялгагдаж ёстой ажээ.

      ИХ-ийн §164 нь эрх барьцаалахад ИХ-ийн §161.1 мөн үйлчлэхээр заасан нь ямар ч барьцааны эрх шаардах эрхийн хамт шилжих акцессор шинж буйг илтгэсэн зарчмын шинжтэй байна. Гэтэл практикт эрх зүйн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, банк хүртэл энэ зохицуулалтыг буруу хэрэглэж, хувьцаа эзэмшигчийн хувьцаа шаардах эрхийг цуг шилжих үндсэн үүрэг хэмээн ойлгон тайлбарлаж, барьцааны эрхийг түүнтэй хамт шилжүүлэн авахаар гэрээ байгуулсны улмаас хожим Хөгжлийн банк өгсөн зээлийнхээ үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслийг алдаж байгаа сөрөг үзэгдлийг өгөгдлөөс харж байна боломжтой.

          Шүүх “ЮПГ” ХХК болон “ТОСК” ХХК-ийн хооронд 2015 оны 07 сарын 20-нд байгуулсан “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-нд заасан “ТОСК” ХХК-ийн шаардах эрхүүд нэхэмжлэгч Монгол улсын хөгжлийн банканд шилжсэн гэж үзэх үйл баримт хэргийн өгөгдөлд байхгүй тул “ЮПГ” ХХК болон “ТОСК” ХХК-ийн хооронд 2015 оны 07 сарын 20-нд байгуулсан “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ”-ний шаардах эрх, үүрэг нь хариуцагч буюу МХБ-д шилжээгүй, ийм байхад уг гэрээний үүргийг хангах зорилготой барьцааны эрхийг шилжүүлэх боломжгүй гэж үзэхээр байна.

       Дүгнэлт. Тиймээс шүүх МХБ-ны эрхийн барьцаанаас зээлийн үүргийг гүйцэтгэүүлэхийг шаардсан нэхэмжлэлийг хангахгүй, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ.

Асуулт 2: Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсгэх эсэхийг тодруулая.

     A. Сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авах эсэх:

     “ЮПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь сөрөг нэхэмжлэл гаргаж буй бөгөөд “Т” ХХК болон МХХБ хооронд байгуулагдсан 2015 оны 12-ны өдрийн “Шаардах эрх барьцаалах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Энэхүү сөрөг нэхэмжлэлийг шүүх ИХШХША-г эхлүүлэх ерөнхий ба тусгай нөхцөлүүд хангагдсан тохиолдолд хүлээн авч шийднэ.

       I. Үндсэн нэхэмжлэл гаргасан байх:

    Сөрөг нэхэмжлэл гаргахыг тулд эхлээд үндсэн нэхэмжлэл гаргасан, шүүх түүнийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд МХБ-ны ЮПГ- ХХК-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлээр ИХШХША эхлүүлсэн.

      “ЮПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн сөрөг нэхэмжлэлийг зохигч ижил байх шаардлагын хүрээнд авч үзнэ.

II. Үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн процесс ажиллагаа ижил байх:

     Үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг ижил төрлийн процесс ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжтой байх ёстой. Эдгээрийн аль алиныг нь ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхээр байна.

III. Нийтлэг урьдчилсан нөхцөлүүд:

1. Хэргийн харьяалал:

  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх энэ маргааныг харьяалан шийдвэрлэх боломжтой эсэхийг шалгая.

     a). Шүүхийн харьяалал:

   ИХШХШтХ-ийн §19.1-ийн дагуу анхан шатны шүүх энэ хэргийг авч шийдвэрлэнэ.

      б). Шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалал:
     aa). Онцгой харьяалал: Шүүхийн онцгой харьяаллыг үндэслэх нөхцөл бүрдээгүй.                                                                                                             

    Мөн гэрээний шаардах эрхийн тусгай харъяаллын маргаан эсэхийг дүгнэхэд өгөгдлийн үйл баримт хангалтгүй байна.

      бб). Ерөнхий харьяалал. Шүүхийн ерөнхий харьяаллыг хариуцагчийн оршин суугаа газраар тодорхойлно, ИХШХШтХ-ийн §14. МХБ-ны удирдлага оршин буй газрын талаар өгөгдөлд тодорхой дурдаагүй. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргах бусад урьдчилсан нөхцөл бүрдсэн бол ИХШХШтХ-ийн §73 нь хариуцагч МХБ-ны оршин буй газраас үл хамаарч Чингэлтэй дүүргийн шүүхийн харъяалаалд хамаатуулан шийдвэрлэх боломжтой.

  Тиймээс зөвхөн энэ тохиолдолд гуравдагч этгээдийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн шаардлагатай хамт шийдэж болно.

     2. ИХШХША-нд оролцох чадвар, чадамж:

         Хувьцаа эзэмшигч хувь хүнийхээ хувьд ИХШХША-нд оролцох чадвар, чадамжтай. Харин ЮПГ-ХХК нь ИХ-ийн §26.1 болон КтХ-ийн §83-ын дагуу ИХШХША-ны зохигч байх эрхтэй ба процесст гүйцэтгэх удирдлагаар төлөөлүүлэн оролцоно, КтХ-ийн §83.6.

      3. Бусад шаардлага:

    Нэхэмжлэлийг хүлээн авахад тавигдах бусад шаардлага хангадсан. Тухайлбал нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан ба сөрөг нэхэмжлэгчийн шүүхээр эрхээ хамгаалуулах ашиг сонирхол бий.

    IV. Зохигч ижил байх шаардлага:

  Үндсэн ба сөрөг нэхэмжлэл гаргаж буй талууд ижил байх ёстой.  ИХШХШТХ-ийн §73-т заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн хариуцагч эдлэх бөгөөд үүнийгээ зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргана. Дээрх тохиолдолд үндсэн нэхэмжлэлийн хариуцагч нь “ЮПГ” ХХК бөгөөд үндсэн нэхэмжлэлийн эсрэг хариуцагч талаас “ЮПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч МХБ-нд хандан сөрөг нэхэмжлэл гаргасан гэсэн өгөгдөл байна.

     Энэ тохиолдолд ИХШХШТХ-ийн §73-ын зохигч ижил байх хуулийн шаардлага хангагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Өгөгдлийн дагуу үндсэн нэхэмжлэлийн хариуцагчаар “ЮПГ” ХХК өөрөө татагдсан бөгөөд өгөгдлийн “хариуцагч талаас” гэдгийг хувьцаа эзэмшигч хариуцагч байх боломжтой эсэх дээр тайлбар өгнө.

       Харин энэ хэргийн шүүхийн шийдвэрийг үзвэл гагцхүү “ЮПГ” ХХК хариуцагчаар татагдсаныг уншиж танилцсан хуульч нь гуравдагч этгээдээр процесст оролцож буй этгээд үндсэн нэхэмжлэгчийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой эсэхийг тайлбарлана.

  • Энэ талаарх иргэний шүүхийн байр суурь нь зөвхөн үндсэн нэхэмжлэлийн талууд хоорондоо сөрөг нэхэмжлэлээр холбогдох боломжтой гэж үздэг.
  • Харин зарим судлаач процесст оролцогч гуравдагч  этгээд үндсэн нэхэмжлэгчид хамаатуулан уг сөрөг нэхэмжлэлийг гаргасан бол энэ нь ИХШХШтХ-ийн §73-ын хэрэглээнд багтах ёстой гэж үздэг. Сөрөг нэхэмжлэл гаргаж буй этгээд нь энд үндсэн нэхэмжлэгчийн эсрэг дээрх нэхэмжлэлийг гаргаснаар бие даасан нэхэмжлэгчийн байр сууринд очиж эрх үүрэг эдлэх болно. “ЮПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь барьцааны үүргийн үүрэг гүйцэтгэгч болох тул энд үндсэн нэхэмжлэлийн хэргийн оролцогч болсон байх магадлалтай. Тиймээс түүнийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэмээн үзэж сөрөг нэхэмжлэлийг шүүх авч шийдвэрлэх боломжтой.

    V. Дотоод холбоос: эрх зүйн ба үйл баримтын?

     Сөрөг нэхэмжлэл үнэдсэн нэхэмжлэлийг үгүйсгээд зогсохгүй түүнээс ялгагдах агуулгатай байх, мөн хамт шийдвэрлэх холбоостой байх шаардлагатай. ИХШХШтХ- ийн §73 нь дээр дурдсанчлан сөрөг нэхэмжлэлийн харьяаллыг үндсэн нэхэмжлэлийн шүүхэд оноохоос гадна тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авах урьдчилсан нөхцөл болох эсэх нь онолын хувьд маргаантай.

      Зарим улсын шүүх үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн дотоод холбоос байх эсэхийг аливаа сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаатуулан ойлгодог. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй эрх зүйн болон эдийн засгийн холбоогүй тул үүнийг шүүх хүлээн авч хамт шийдэхгүй. Үндэслэл нь нэхэмжлэгчийг өөрийн нэхэмжлэлтэй үл хамаарах процессоос хамгаалах шаардлага бий.

         ИХШХШтХ-ийн §73-ыг зарим судлаачид гагцхүү сөрөг нэхэмжлэлийн харьяаллыг хамарсан зохицуулалт гэж үзэх ба дотоод холбоос бий эсэх нь зөвхөн харьяалал тогтооход ач холбогдолтой гэдэг. ИХШХШтХ-ийн §73-т үгзүйн тайлбар хийж үзвэл заавал эрх зүйн дотоод холбоо бий нөхцөлд л сөрөг нэхэмжлэл гаргана; бусад тохиолдолд өөр хоорондоо ямар нэг сэжмээр холбогдох нөхцөлд энэ зохицуулалтыг ашиглаж болохгүй гэсэн үг хэллэг алга байна.

       Дээрх үзэл баримтлалууд өөр өөр тайлбар дүгнэлтэд хүрч байгаа тул онолын хувьд алиныг дэмжих тухайгаа шүүх илэрхийлэх ёстой. Үндсэндээ сөрөг нэхэмжлэл ба үндсэн нэхэмжлэлийг дотоод холбоо хангалтгүй бол эдгээрийг заавал хамтатган шийдвэрлэх гэхгүй, салгаж болно. ИХШХШтХ-ийн §73.2-ын 2 дахь өгүүлбэрт үнэхээр тооцох түвшинд нягт холбоотой байгаа шаардлагыг хамт шийдээд, бусад тохиолдолд салгах эсэхээ шүүх шийднэ гэсэн байдаг.

   Өгөгдлөөс үзвэл “ЮПГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьцааг барьцаалсан гэрээг хүчингүй болохыг тогтоолгох шаардлага нь агуулгын хувьд үндсэн шаардлагатай холбоотой, мөн субъектын хувьд өөр этгээд байгаа тул үндсэн шаардлагыг үгүйсгэх хариу эсэргүүцлээс давсан шинжтэй байна.

        B. Дүгнэлт:

  1-р үзэл баримтлал: Сөрөг нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэхгүй.

  2-р үзэл баримтлал: Сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэх нь процесс хэмнэх зорилго бүхий ИХШХШтХ-ийн §73-ын зорилго зорилтод нийцэж байна.

  Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо

Дэлгэрэнгүй
Image 3
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

Монголын Хуульчдын холбооны 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад нийт 1200 гаруй эрх зүйч оролцсоноос 203 эрх зүйч тэнцэж эхний ээлжинд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан 160 шинэ хуульчийг тус холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 279, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрин 01 дугаар тушаалуудаар гишүүнээр элсүүлж, тангараг өргөх ёслолын ажиллагааг Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо

Дэлгэрэнгүй
Image 3
2023 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос 2023 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 10 дугаар сарын 25, 26, ,27-ны өдрүүдэд Улаанбааатар хотод зохион байгуулсан. Тус шалгалтад нийт 1200 оролцогч шалгалт өгснөөс 203 оролцогч сорилгын болон бодлогын шалгалтын нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авч, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцлээ.

 

Эх сурвалж: https://www.mglbar.mn/a/4685?fbclid=IwAR1ZltQo618m8FUIP7DtZoUu06k3KyGiSEJZlQwwJy11PVe_p9NYtDGbLaE

Дэлгэрэнгүй
Image 3
2023 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурлаар 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтыг 10 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлолоо

Хуульчийн мэргэжлийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр зохион байгуулагддаг.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 7 дугаар сарын 27 өдрийн 12:00 цагт эхэлж,  09 дүгээр сарын 09-ний өдрийн 00:00 цагт дуусна.

Шалгалтын бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ хаягаар бүртгэнэ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхэлснээр Монголын Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн шалгалтыг 8 дахь удаагаа зохион байгуулж байна.

Уг шалгалтад дунджаар 1,300 орчим эрх зүйч оролцдог бөгөөд 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 1,228 эрх зүйч бүртгүүлж, 371 эрх зүйчдэд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байжээ. 

 

Эх сурвалж: https://www.mglbar.mn/a/4589?fbclid=IwAR3gb4O8z2SOgIe8rfUfYLNGMyHQjMCaiEew3_NqUb-ymCpLzAQXnBXPuRw 

Дэлгэрэнгүй
Image 3
2023 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН СТАТИСТИК

2023 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад нийт 1323 оролцогч бүртгүүлснээс 1200 оролцогч шалгалтад оролцох эрхтэй болсон. Шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн 2 үе шаттай явагдсан бөгөөд сорилгын шалгалтад 776 оролцогч тэнцэж, бодлогын шалгалт өгсөн. Үүнээс сорилгын болон бодлогын шалгалтын дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авч 203 оролцогч тэнцсэн.

Тэнцсэн оролцогчдоос эрэгтэй 76, эмэгтэй 127 хүн байна. Тус шалгалтаар дүгнэгдсэн хамгийн өндөр үнэлгээ нь 85.03 оноо байна.

Дэлгэрэнгүй
Image 3
2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, БОДОЛТ

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

/Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 он/

Иргэн А нь БНСУ-д гэрээгээр нэг жилийн хугацаатай явах болсон тул өөрийн хашаа, байшиндаа багын найз Б-гээ гэр бүлийнх нь хамт суулгаад явжээ. А-ийн хашааны нэг буланд excel машины хуучин кузов, амбаарт нь хуучин аккумлятор, бага зэрэг элэгдсэн 4 дугуй байв. Б нь дээр эд ангийг ашиглан машин босгохоор шийдэж, хуучин мотор болон бусад эд ангиуд сэлбэг хэрэгслийг худалдан авч машин угсарчээ. А жилийн дараа эргэж ирээд өөрийнх нь хашаанд байсан эд ангиудыг Б ашиглан машин угсарсан байх тул А уг машиныг өмчлөх эрхтэй гэж үзээд Б-д зохих төлбөрийг төлж машиныг А-ийн өмчлөлд шилжүүлэх эс зөвшөөрвөл А-ийн машины эд ангийг буцааж өг гэж шаардсан байна. Б нь үүнийг эс зөвшөөрч, машиныг болон эд ангийг А-д шилжүүлэх боломжгүй, харин А-д учирсан хохирлыг нөхөн төлж болох юм гэж маргасан байна.

Асуулт:

Эрх зүйн дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэнэ үү.

Бодолт:

Бодлогын нөхцөлөөс харахад өмчлөх эрхээс үүдэлтэй шаардах эрх буюу Иргэний хуулийн 8.1.6 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хүрээнд үүссэн маргаан байна.

А нь түүний өмчлөлийн машины эд ангиудыг хууль бусаар ашиглаж, шинээр угсарсан машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох машины эд ангиудыг буцаан шаардаж байна.

Шаардах эрх үүссэн эсэх

Иргэний хуулийн 106.1 зүйлийн дагуу шаардах эрх үүссэн эсэхийг тогтоохдоо юуны өмнө А нь тухайн шаардаж буй эд хөрөнгийн өмчлөгч мөн болох, Б нь уг зүйлийг эзэмшилдээ авсан, хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй этгээд болохыг тогтоох шаардлагатай. Бодлогын нөхцөлөөс харахад А нь бодлогын нөхцөлд дурдсан машины зарим эд ангийг өөрийн хашаа болон амбаарт үлдээсэн бөгөөд Б нь тухайн эд ангийг ашиглаж машин угсарснаа хүлээн зөвшөөрч байх тул А нь тухайн машины эд ангиудын өмчлөгч мөн байна.

Иргэний хуулийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хуульд заасан хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн хуулийн 106.1-д өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан тул А нь өөрийн өмчлөлийн машины зарим эд ангийг Б-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Шинээр бий болсон эд хөрөнгийн хувьд шаардах эрх үүссэн эсэх:

Иргэний хуулийн 120.1-д хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон бол уг этгээд болон эд хөрөнгийн өмчлөгч шинээр бий болсон эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх бөгөөд тэдэнд ногдох хэсгийг материалын өртөг, үйлдвэрлэлийн зардалтай хувь тэнцүүлэн тодорхойлно гэж заасан байна. Иймд шинээр бий болсон машиныг А болон Б нар дундаа хэсгээр өмчилнө.

Харин бодлогын нөхцөлд талууд дундаа хэсгээр өмчлөх хүсэлгүй бөгөөд шинээр бий болсон машины өмчлөгч нь хэн болох талаар маргаан үүсч байх тул шинээр бий болсон машины өмчлөгч хэн болохыг шалгаж үзье.

Иргэний хуулийн 120.2-д талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө, эсхүл илүү хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байна гэж заасан. Бодлогын нөхцөлд дурдсаны дагуу Б нь мотор болон бусад эд ангиуд худалдан авч, машиныг угсарч илүү хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан байна. Иймд иргэн Б нь шинээр бий болсон машины өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй эсэх:

А -ийн шаардах эрхийг шалгаж үзвэл:

Иргэний хуулийн 120.2-д заасны дагуу бусдын эд хөрөнгийг засан сайжруулах, дахин боловсруулах замаар шинэ хөдлөх эд хөрөнгө бий болгосон талууд өмчлөх эрхийн талаар маргавал илүү хөрөнгө болон хөдөлмөр зарцуулсан тал нь шинээр бий болсон хөрөнгийн өмчлөгч болох бөгөөд нөгөө тал нь өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж заасан байна. Бодлогын нөхцөлд машины эд ангиудыг засан сайжруулах буюу дахин боловсруулах замаар өөр эд ангитай нийлүүлэх замаар машин угсарсан байх тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн зохицуулалт илүү хамааралтай гэж дүгнэж байна. Гэхдээ Иргэний хуулийн 119.2, 119.3 дах хэсгийн зохицуулалтыг дурдаж дүгнэлт хийснийг төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу хүлээн зөвшөөрөх боломжтой гэж дүгнэн оноо өгсөн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 119.3 дах хэсэгт энэ хуулийн 119.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж заасан байна.

Бодлогын нөхцөлөөс харахад А нь Б-ээс шинээр бий болсон машинаас олсон ашиг, орлогыг нэхэмжлээгүй харин уг машиныг өмчлөх эрхтэй гэж маргасан тул Иргэний хуулийн 120.2 дах хэсэгт заасны дагуу А нь шинээр бий болсон машиныг болон өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байна. Харин өөрт учирсан хохирлоо иргэний хуулийн 495.1-д заасны дагуу шаардах эрхтэй бөгөөд 495.2- дах хэсэгт заасны дагуу нэн даруй шаардах эрхтэй байна.

Эрх зүйн үр дагавар:

  1. Иргэний хуулийн 120.2 (119.2) дэх хэсэгт заасны дагуу өөр өөр этгээдийн өмчлөлийн зүйл нийлж, холилдох замаар шинээр бий болсон эд хөрөнгө болох машины өмчлөгч нь Б байна.

  2. Иргэний хуулийн 120.2 (119.3) зүйлд заасны дагуу иргэн А нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах буюу машины зарим эд ангийг буцаан шаардах эрхгүй байна.

  3. Иргэний хуулийн 106.1, 120.2 (119.3), 495.1, 495.2 дах хэсэгт заасны дагуу Б нь өөрт учирсан хохирлоо шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо

Дэлгэрэнгүй
Image 3
2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, БОДОЛТ

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

/Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 он/

Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч Лхагва нь иргэн Давааг мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодис олж авч, түүнийгээ Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ хэрэглэдэг тухай мэдээллийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан даруй уг мэдээллийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэх ажилтан Мягмарыг Даваатай уулзуулахаар шийдэж, энэ талаар прокурорт утсаар мэдэгдсэн байна.

Мягмар нь Даваатай уулзаад “Миний өвчин хүндэрсэн, өвдөлтөө намдаахад хар тамхи зайлшгүй хэрэг болоод байна, чамд байвал өндөр үнээр худалдаж авья, туслаач” гэж гуйхад Даваа зөвшөөрч, гэртээ хадгалж байсан 200 гр “өвс” болон 3 гр “мөс” гэх нэршилтэй бодисуудыг нийт 500.000 төгрөгөөр худалдсан байна.

Мягмарын худалдан авсан “өвс” гэх нэршилтэй бодис нь тетрагидроканнабинолын агууламжтай, харин “мөс” гэх нэршилтэй бодис нь метамфетамины агууламжтай бөгөөд тэдгээр нь хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисууд болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул мөрдөгч Лхагва нь мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах болсон үндэслэл, түүний үр дүнг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр прокурорт танилцуулж, улмаар прокурорын 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцож, Даваад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар Даваа нь 2000 онд төрсөн, хэрэг хариуцах чадвартай, тэрээр 2021 оны 7 дугаар сард Төв аймгийн нутгаас мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамлыг өөрөө хэрэглэхээр түүж, хатааж бэлтгэсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж авч, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тус тус тогтоогджээ.

Харин Даваагийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэсэн заалтыг хасч, өөрчлөн найруулсан тул Даваад холбогдох 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгуулах, мөн мөрдөгч Лхагва нь прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр уг ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай гомдлыг тус тус гаргасан байна.

ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ:

1.Даваагийн үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх, мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх.

Бодлогын хариулт:

Бодлого зохиогчийн зүгээс дараахь нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Үүнд:

1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж;

2.Даваа хориглосон “өвс” болон “мөс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн, бусдад худалдсан гэх үйлдэл;

3.Даваа “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл;

4.Даваад хүлээлгэх эрүүгийн хариуцлага;
5.Мөрдөгчийн явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх.

Тайлбар, үндэслэл:

1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн ойлголт, шинж”- ийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй байх;
  • Нийгэмд аюултай байх;
  • Гэм буруутай байх.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-ын дагуу энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлахаас гадна захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгоно.

Сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай тул хууль тогтоогч сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан.

Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвхөн эмчийн жороор олгохоос бусад аргаар өөрийн эзэмшилд олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад өгсөн, худалдсан зэрэг аливаа үйлдлийг хамааруулан авч үзнэ.

Объект: Хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих талаар хуулиар тогтоосон журам.

Халдлагын зүйл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эд байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг хэлнэ.

Объектив тал: Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Олж авсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг ойлгоно.

Хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг ойлгоно.

Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ.

Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Энэ гэмт хэргийн хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүй байсан гэдгийг заавал тогтооно.

Субъект: 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хэн ч байж болно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх шинж (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)

Объектив тал: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Худалдсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох (өрөнд өгөх г.м) зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ.

Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилготой байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх шинж (Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг)

Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, мөн улсын хилээр нэвтрүүлж, мөн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хэргийг хүндрүүлж зүйлчилнэ.

Байнга тогтвортой үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдвэрлэлийн шинжтэйгээр эрхэлсэн, үйл ажиллагаа нь тогтворжсон байхыг ойлгоно.

Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эдийг Монгол Улсын хилийг нууцаар, эсхүл худал мэдүүлж хилээр нэвтрүүлж үйлдсэнийг ойлгоно.

Зохион байгуулалттай гэмт бүлэг гэдгийг Эрүүгийн хуулийн 3.8 дугаар зүйлд зааснаар ойлгоно.

2.Даваа “өвс” болон “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн, бусдад худалдсан гэх үйлдэл

Бодлогын нөхцөлөөс үзэхэд Даваагийн 2021 оны 7 дугаар сард Төв аймгийн нутгаас тетрагидроканнабинол агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодисыг түүж, хатааж бэлтгэсэн, мөн 2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж авсан, улмаар уг бодисуудыг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэртээ хадгалсан үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон ... сэтгэцэд нөлөөт бодис... -ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан ...” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.

Даваагийн хувьд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан үйлдлүүд нь тус бүрдээ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Харин Даваагийн дээрх үйлдэлд “өвс” болон “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад “худалдаалах зорилго” тогтоогдоогүй. Учир нь Даваа өөрөө хэрэглэх зорилгоор Төв аймгийн нутгаас “өвс” гэх мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүж, хатааж бэлтгэсэн, мөн БНХАУ-д зорчин явахдаа “мөс” гэх бодисыг олж авч, тэдгээрийг гэртээ хадгалж, хэрэглэж байжээ.

Даваа нь гүйцэтгэх ажилтан Мягмар гуйсны дагуу түүнд сэтгэцэд нөлөөт бодис худалдсан үйл баримтыг үндэслэн түүнийг худалдаалах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодис олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буруутгах үндэслэлгүй.

Учир нь гүйцэтгэх ажилтан Мягмар нь мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд Даваагаас сэтгэцэд нөлөөт бодисыг өндөр үнээр худалдаж авах санаачилгыг гаргаж, түүнийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах” үйлдэлд өдөөн турхирсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах байгууллага, ажилтны үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон энэ хуульд заагаагүй асуудлыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна” гэжээ.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 13.3.5-д “... гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх”-ыг гүйцэтгэх байгууллага, ажилтанд үүрэг болгосон тул хууль сахиулах байгууллагын ажилтны зүгээс зохиомол байдлыг бий болгож, гэмт хэрэгт өдөөн турхирсны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн бол яллагдагчийг тухайн үйлдэлд буруутгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Даваа нь Мягмараас өөр хүнд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис өгсөн, эсхүл худалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис бусдад өгсөн гэж буруутгах, эсхүл түүний үйлдлийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх, эсхүл уг бодисыг бусдад худалдаалахаар завдсан гэж үзэх үндэслэлгүй, харин мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд буюу хяналтын худалдан авалтаар Даваа нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн үйлдлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй бөгөөд тухайн үйлдэл нь дангаараа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулна.

Иймд Даваагийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хориглосон мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.

3.Даваа 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” гэснийг хасаж, “Улсын хилээр нэвтрүүлж” гэснийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т хүндрүүлэх шинж болгон өөрчилсөн болно.

Эрүүгийн хуульд оруулсан дээрх нэмэлт өөрчлөлтөөс харахад хууль тогтоогч “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжээс хасаагүй байх тул Даваагийн 2020 оны 1 дүгээр сарын 9- ний өдөр улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах 2 жилээс 8 жил хүртэл хорих ялаас дээд ба доод хэмжээ нь нэмэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Даваагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй.

Иймд Даваагийн дээрх үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн үндсэн шинж:

Объект: Улсын хил, гаалийн хилээр бараа нэвтрүүлэх, тээвэрлэх талаар хуулиар тогтоосон журам.

Халдлагын зүйл нь хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа байна.
Хориглосон бараа гэдэгт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ.

Хязгаарлалт тогтоосон гэдэгт олон улсын гэрээ, Монгол улсын хууль тогтоомжоор Монгол улсын хилээр, гаалийн хилээр нэвтрүүлэхийг тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан бараа бүтээгдэхүүн, түүхий эд, эд зүйлийг ойлгоно.

Объектив тал: Хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл байна. Энэ хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй.

Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар энэ зүйлд тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “гаалийн хяналтын талбайн хил нь тухайн хэсэгтээ гаалийн хилд тооцогдоно” гэсэн заалтад хамаарах гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна.

Субъектив тал: Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.

Субьект: Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хэн ч байж болно.

4.Даваад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

Даваа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл болон 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектын (14 болон 16 насанд хүрсэн байх) насны шалгуурыг хангасан, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-ын дагуу эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Даваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан” зэрэг хэд хэдэн объектив талын шинжийг тус тус агуулсныг харгалзан үзнэ.

Даваагийн 2020 оны 1 дүгээр сард үйлдсэн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 1- ний өдрийг хүртэл хугацаанд үйлдсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, тухайн гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамаарахгүй тул Даваад дээр дурдсан гэмт хэргүүдэд ял оногдуулж, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.

Даваа цагдан хоригдсон тохиолдолд уг хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэнэ.

5.Мөрдөгч Лхагвын явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгчид хүлээлгэж, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.5-д “прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах” болон бусад хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх эрхийг мөрдөгчид олгожээ.

Тухайлбал, мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.6 дугаар зүйл, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн эх сурвалжийг олж тогтоох зорилгоор хяналтын худалдан авалт хийх аргаар нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч нь “хяналтын худалдан авалт хийх” мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 26.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, эд зүйл, мөнгөн тэмдэгт, зэвсэг хэрэгсэл, бодис бэлдмэл, баримт бичгийг худалдан авах, эсхүл худалдан авахаар хэлцэл хийх ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулна” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26-д “Хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгохоор заасан ба мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу мөрдөгч гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд ийнхүү хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь хойшлуулшгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно. Ингэхдээ мөрдөгч уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.

Бодлогын нөхцөлөөс үзэхэд Даваад холбогдуулан хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах үндэслэлтэй сэжиг тогтоогдсон бөгөөд хяналтын худалдан авалт хийх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйл буюу 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-д заасан заавал прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.

Түүнээс гадна прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн ажиллагааг хүчинтэйд тооцсон шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байх тул хойшлуулшгүй ажиллагааны үр дүнд цугларсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

Хэрэглэглэх хууль тогтоомж:

-2015 оны Эрүүгийн хууль

  • 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
  • 18.5 дугаар зүйл.Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль

-2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль

  • 9 дүгээр зүйл. Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл
  • 9.2. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/, ... Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/, ...

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

22.4 дүгээр зүйл.Прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах

  1. Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно.
  2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ.
  3. Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.

-Гүйцэтгэх ажлын тухай хууль
2 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил явуулах хүрээ

  • 12.1.Гүйцэтгэх ажил дараахь хүрээгээр хязгаарлагдана:
  • 12.1.6.алдагдсан нууц бичиг баримт, эд зүйл, галт хэрэгсэл, зэвсэг, тэсрэх болон хүчтэй хордуулах, цацраг идэвхт, мансууруулах бодис, түүх, соёлын дурсгалт зүйл, нуугдмал эд хөрөнгийг эрж олох;

13 дугаар зүйл. Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны бүрэн эрх

  • 13.3.Гүйцэтгэх байгууллага, ажилтан дор дурдсан үүрэгтэй:
  • 13.3.5.шалгаж төгс шийдвэрлээгүй мэдээ баримтыг задруулахгүй байх, гүйцэтгэх ажлын явцад мэдсэн буюу илэрхий болсон мэдээ баримтыг хууль бусаар хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн гүйцэтгэх ажил явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх                                                                                                                                                           

Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо

Дэлгэрэнгүй
Image 3
2022 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, БОДОЛТ

ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

/Хуульчийн мэргэжлийн шалгалт 2022 он/

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд “Г” ХХК-аас Төв аймгийн Лүн сумын Засаг даргад холбогдуулан “Лүн сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Манай “Г” ХХК Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай захирамжаар тус нутаг дэвсгэрт нийт 430 га талбайг үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмших эрх авсан байсныг мөн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаартай захирамжаар хүчингүй болгосон.

Энэ захирамжид “Газрын тухай хуулийн 34.8, 35.1.6, 35.3.1, 40.1.1-д заасныг зөрчиж, эзэмшиж байсан газартаа тариалалт хийгээгүй, бусдад ашиглуулсан, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн, 2021 оны газар эзэмших гэрээг байгуулаагүй тул “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.” гэж заасан байдаг.

Гэтэл Захирамжид заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн зөрчлийг сумын Засаг дарга шалгах эрхгүй. Мэргэжлийн хяналтын байцаагч шалган шийдвэрлэнэ. Зөрчлийг шалган тогтоосны дараа Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргах ёстой.

Манай компани 2019 онд талбайгаа өнжүүлээд 2020 онд 60-га-д тариалалт хийж 200 га газрыг иргэн Ц.Д, Н.Д нарт ашиглуулсан боловч тэд нартай ямар нэг түрээсийн гэрээ байгуулаагүй, ашиг аваагүй, бас зөвшөөрөл авах тухай надад огт мэдэгдэж байгаагүй, харин манай компани нь газар эзэмших зориулалтын дагуу тариалалтаа хийж, газрын төлбөрөө хугацаанд нь төлж, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно. Манай компани газар эзэмшээд 40 жил болж байна. Гэтэл зөвхөн 2018-2021 онд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй гэсэн шалтгаанаар тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж байна.

Дээрх Захирамжийг гаргахаас өмнө сумын Засаг даргын Тамгын газраас намайг дуудаж тайлбар авсан, бас шаардсан баримтуудыг бид тухай бүрт нь гаргаж хүргүүлж байсан болно. Гэвч энэ байдлыг харгалзалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугааартай захирамж нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа тухай Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн тул танай шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэжээ.

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй юу?

Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага эрх зүйн үндэслэлтэй юу?

БОДОЛТ

Нэг. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй юу?

1. Хэргийн харьяаллын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ЗХШХШтХ/-ийн 13 болон 54.1.1-ийг тус тус шалгана.

1.1 ЗХШХШтХ-ийн 13 дугаар зүйл /Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан/-ийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.”, 13.2-т Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.” гэж заасан.

1.1.1 Үндсэн хуулийн Жаранзургаадугаар зүйлийн 2-т “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:

1/ хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

2/ ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.

Мөн зүйлийн 1-д “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /1992/-ийн 8 дугаар зүйлийн 2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана:

1/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

2/зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/ Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

4/ Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

5/ ард нийтийн санал асуулгын талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

6/ Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.”

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна:

1/ Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх;
2/ Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;
3/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

5/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх.

6/ Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх.” гэж заасан.

Үүнээс үзвэл Үндсэн хуулийн цэцийн хариуцагч нь УИХ, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГ, ЗГ-ын гишүүн , СЕХ, УДШ-ийн шүүгч, УЕП нар юм.

Бодлогын нөхцөлд заасан Төв аймгийн Лүн сумын Засаг даргын шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 1 /Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана./, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 /Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана./-д заасан бүрэн эрхийн хүрээнд гаргаж байгаа шийдвэр юм.

Түүнчлэн Шийдвэр гаргасан субьект нь Төв аймгийн Лүн сумын Засаг дарга тул Үндсэн хуулийн цэцийн хариуцагч биш болох нь, мөн Засаг дарга болон “Г” ХХК буюу талуудын хооронд үүссэн маргаан нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн маргаан биш болох нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтаас харагдаж байна.

Явцын дүгнэлт: Иймд бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр нэхэмжлэгч “Г” ХХК нь сумын Засаг даргын захирамж хууль бус гэж маргаж байгаа бөгөөд Засаг дарга нь ЗЕХ-ийн 5.1.1-д зааснаар "төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;” буюу захиргааны байгууллага, маргааны зүйл болох Засаг даргын захирамж нь ЗЕХ-ийн хүрээнд гарсан нийтийн эрх зүйн хэм хэмжээ юм.

Иймд энэ маргаан нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, мөн Төв аймгийн Лүн сумын Засаг дарга нь Үндсэн хуулийн цэцийн хариуцагч биш, уг маргааныг өөр шүүхэд харьяалуулаагүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.

1.1.2 Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Эрүүгийн  2.1 дүгээр зүйлд Гэмт хэргийн ойлголт, шинжийг дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: тус зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”, 3-т “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.”, 1.2 дугаар зүйл /хууль ёсны зарчим/-ийн 1-д “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.” гэж заасан.

Эрүүгийн ангийн тусгай ангийн холбогдох заалтуудаас үзэхэд бодлогод дурдсан шийдвэр гаргах үйлдэл, эс үйлдэхүй, түүний шинжийг хууль тогтоогчоос гэмт хэрэг байхаар хуульчлаагүй байх тул эрүүгийн гэмт хэргийн шинжтэй харилцаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй.

Явцын дүгнэлт: Иймд бодлогын нөхцөлд заасан Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйлдэл нь эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг биш байна.

1.1.3 Бодлогын нөхцөлд заасан маргаан нь Үндсэн хуулийн болон эрүүгийн эрх зүйн маргаанаас бусад нийтийн эрх зүйн маргаан мөн тохиолдолд түүнийг захиргааны эрх зүйн журмаар шийдвэрлэж болно. Үүний тулд уг татгалзлын зохицуулалтын зүйл нь нийтийн захиргааны чиг үүрэг эсэх, тухайн харилцааны зохицуулагдаж буй хэм хэмжээ, тухайн харилцаанд эрх бүхий байгууллагын шийдвэр гаргахдаа үндэслэж буй хэм хэмжээ нь нийтийн эрх зүйн эсхүл хувийн эрх зүйн маргааны алинд нь хамаарч байгааг тодорхойлдог. 

Зохицуулалтын зүйл нь нийтийн захиргааны чиг үүрэг мөн эсэх тухайд:

Бодлогод өгөгдсөн нөхцөлийн тухайд Төв аймгийн Засаг дарга нь “Г” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, тус компанийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргаж байгаа.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж;

  • Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /Шинэчилсэн найруулга/ /МУЗЗНДНТУтХ/ 4.1.4-т "нэгж дэх төрийн удирдлага" гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг; 5 дугаар зүйл /Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж эрх зүйн харилцаанд оролцох/-ийн 5.1-д “Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн этгээд байна. 5.3-т “Эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл, дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор Засаг дарга төлөөлнө.” гэж заасан.

Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг дарга нь ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”;-д, маргааны зүйл буюу Засаг даргын захирамж нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж байгаа нийтийн эрх зүйн хэм хэмжээг агуулж байна.

Бодлогын нөхцөлд дурдагдсан тохиолдол нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн маргааны аль нь гэдгийг тодруулахын тулд тухайн харилцаанд хэрэглэгдэж буй хууль нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн алинд нь хамаарагдаж байгаа, эсхүл нийтийн болон хувийн эрх зүйг заагладаг ашиг сонирхлын, субьектын, захирах захирагдах ёсны онолоор тодорхойлдог.

1.1.3.1. Ашиг сонирхлын онол нь эрх зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгдэж байгаа ашиг сонирхолд үндэслэгддэг. Нийтийн ашиг сонирхолд нийцэж, уг ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг нийтийн эрх зүй гэж үзэх бөгөөд түүнээс үүсэн гарч байгаа маргааныг нийтийн эрх зүйн маргаан гэнэ.

ЗЕХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага”-ыг хуульчлан тодорхойлсны дотор хуулийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;” гэжээ.

Нэгэнт сумын Засаг дарга ЗЕХ-д зааснаар захиргааны байгууллага мөн тул тэрээр нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага болно. Иймд Засаг даргаас гаргасан захирамжтай холбогдох маргаан нь нийтийн эрх зүйн маргаан мөн байна.

1.1.3.2 Субьектын онол талаас нь авч үзвэл, Нийтийн эрх зүй нь захирах- захирагдах харилцаан дээр үндэслэгддэг бол харин хувийн эрх зүйн харилцаа нь субъектүүдийн тэгш эрхэд үндэслэгдэнэ.

МУЗЗНДНТУтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “нэгж дэх төрийн удирдлага" гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг; ойлгоно.”, 5 дугаар зүйлийн 5.3-т “Эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл, дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор Засаг дарга төлөөлнө.”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 59.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх;” гэж тус тус заасан.

Иймд сумын Засаг даргаас тухайн нутаг дэвсгэрт газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн захирамжилсан харилцааг төр- иргэний хооронд үүсгэж байна.

 Энэхүү харилцааг зохицуулж байгаа МУЗЗНДНТУтХ нь нийтийн эрх зүйн хэм

1.1.3.3 Захирах, захирагдах ёсны буюу шатлалын онол талаас нь авч үзвэл зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон эрх бүхий этгээдүүдээс уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа байдаг. 

Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр Төв аймгийн Лүн сумын Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жарангуравдугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана.”, МУЗЗНДНТУтХ-ийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах..” бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байна.

Явцын дүгнэлт: Иймд “Г” ХХК болон Төв аймгийн Лүн сумын Засаг даргын хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсантай холбогдон үүссэн маргаан нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан мөн байна.

1.2 ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн эсэхийг нотлохын тул Төв аймгийн Лүн сумын Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хууль /ЗЕХ/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны акт мөн эсэхийг тодорхойлъё.

Бодлогын нөхцөлд заасан Сумын Засаг даргын захирамж нь ЗЕХ-ийн 37.1-д заасан 6 шинжийг бүхэлд нь агуулсан байх ёстой.

ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан.

1.2.1. Нийтийн эрх зүйн хүрээнд байх-Захиргааны акт нь ямагт нийтийн эрх зүйн хүрээний асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой. Энэ нь тухайн тухайн захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болж байгаа эрх зүйн хэм хэмжээ нь нийтийн эрх зүйн хэмж хэмжээнд хамаарч байх, эсхүл зохицуулалтын зүйл нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарч байгаа нь нийтийн болон хувийн эрх зүйг ялган зааглах онолын хүрээнд нотлогдож байхыг ойлгоно.

Энэхүү бодлогын хүрээнд үүссэн харилцаа нь нийтийн эрх зүйн хүрээний маргаан бүхий харилцаа мөн гэдгийг энэхүү бодолтын 1.1.3-т дэлгэрэнгүй тайлбарласан болно.

1.2.2. Захиргааны байгууллагаас гарсан байх-Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:

5.1.1 төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;

5.1.2. хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;

5.1.3. захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;

5.1.4. үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;

5.1.5. нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.

5.2  Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.

5.3 Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.

5.4 Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар ахиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ.” гэж заасан.

Бодлогын нөхцөлд дурдагдсан Сумын Засаг дарга нь МУЗЗНДНТУтХ-ийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар “нэгж дэх төрийн удирдлага" буюу төрийн чиг үүргийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэгч тул Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1 дэх хэсэгт “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” хэмээн заасны дагуу захиргааны байгууллагад хамаарах юм. Энэ тухай энэхүү бодолтын 1.1.3-т дэлгэрэнгүй тайлбарласан болно.

1.2.3. Захиргааны акт нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар байх- Тодорхой тохиолдол гэдэгт тухайн эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэр нь ижил төсөөтэй тохиолдолд дахин давтан хэрэглэх боломжгүй байхыг ойлгоно. Харин нэг тохиолдол гэдэг нь тухайн шийдвэр хаяглагдаж буй этгээд нь тодорхой нэг этгээд байх, эсхүл тодорхой тооны этгээд байхыг ойлгоно.

Бодлогын нөхцөлөөс үзвэл, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь “Г” ХХК-д чиглэсэн, тухайн шийдвэрээр ижил төстэй тохиолдлыг зохицуулах буюу бусад хуулийн этгээдэд төсөөтэй хэрэглэх, дахин давтан зохицуулах боломжгүй тул тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан гэж үзнэ.

1.2.4. Зохицуулалт агуулсан байх-Захиргааны акт нь ямагт аливаа нэг харилцааг зохицуулсан шинжтэй байх ёстой. Зохицуулалт агуулна гэдэг нь тухайн захиргааны байгууллагын шийдвэрээр аливаа асуудлыг бүрэн төгс шийдвэрлэсэн байх, мөн ингэж зохицуулсан нь тухайн шийдвэр хаяглагдаж буй этгээддээ ашигтай нөхцөл байдлын үүсгэсэн /ЗЕХ-ийн 37.4-т заасан эерэг нөлөөллийг/, эсхүл эсрэгээрээ хаяглагдаж буй этгээдийнхээ эрх ашгийн хөндсөн /ЗЕХ-ийн 37.5-т заасан сөрөг нөлөөллийг үүсгэсэн/ байх ёстой.

Бодлогод өгөгдсөн Төв аймгийн Лүн сумын Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт газар эзэмшиж байгаа “Г” ХХК-ийн эрхийг хүчингүй болгосон буюу эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэж байгаа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул зохицуулалт агуулсан гэж үзнэ.

1.2.5 Захирамжилсан арга хэмжээ байх-Захирамжилсан арга хэмжээ гэдэгт захирамжилсан шийдвэр болон захирамжилсан үйл ажиллагаа /хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй/ байх бөгөөд зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, амаар /ЗЕХ-ийн 40.1/ эсхүл бичгээр /ЗЕХ-ийн 41.1/-т гаргасан шийдвэр, эсхүл үйл ажиллагаа буюу үйлдэл, эс үйлдэхүй байна.

Бодлогын нөхцөлөөс үзвэл Төв аймгийн Лүн сумын Засаг даргын захирамж нь төрийн хүсэл сонирхлыг буюу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр гарсан захирамжилсан шийдвэр байна. Мөн энэхүү захирамж нь бичгийн хэлбэрээр гарсан болох нь бодлогын нөхцөлөөс тодорхой ойлгогдож байна.

1.2.6 Гадагш чиглэсэн байх-Захиргааны акт нь ямагт гадагш чиглэсэн шинжтэй байх ёстой. Гадагш чиглэсэн байна гэдэг нь тухайн шийдвэрийн үйлчлэл чиглэж буй этгээд нь байгууллагын дотоод харилцааны хүрээнд хамаарах бус байгууллагын дотоод харилцааны гадна орших этгээдэд чиглэж байхыг ойлгоно. Дотогш чиглэсэн үйл ажиллагаанд байгууллагын дотоод буюу түүний тогтолцооны салбар нэгжийн хүрээнд, өөрөөр хэлбэл, дээд, доод шатны салбар байгууллагад үйлчилсэн захиргааны үйл ажиллагааны хэлбэрүүд ордог.

Бодлогын нөхцөлөөс үзвэл Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Г” ХХК нь тус сумын Засаг даргын харьяа байгууллага, түүний шатлан захирах ёсны хамааралд орших этгээд биш буюу “гуравдагч” гэж болох хуулийн этгээд тул Засаг даргын шийдвэр нь гадагш чиглэсэн акт мөн байна.

Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар захирамж нь ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын 6 шинжийг бүхэлд нь хангаж байх тул захиргааны акт мөн байна.

Иймд ЗХШХШтХ-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 54.1.1-д заасны дагуу тус бодлогын нөхцөлд өгсөн маргаан нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх буюу захиргааны хэргийн шүүхээс харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.

1.3 Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл буюу Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;”, 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;” гэх үндэслэл байгаа эсэх тухайд:

ЗХШХШтХ-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Нэхэмжлэлийн тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.” гэж зааснаар Төв аймгийн Лүн сумын Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрт оршин байгаа тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Т” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй тул тус шүүхийн харьяаллын маргаан мөн.

Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ шууд шүүхэд гаргасан байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл /Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх/-ийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:”, 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга;”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.”

ЗЕХ-ийн 93 дугаар зүйл /Гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага/-ийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно.”, ЗХШХШтХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж заасан.

Бодлогод өгөгдөлд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан 2022 оны Б/45 дугаартай захирамж нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа тухай Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч сумын Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн тул танай шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэж тодотгосон байх тул ЗХШХШтХ-ийн 54.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

Ерөнхий дүгнэлт:

Бодлогод өгөгдсөн”Г” ХХК-ийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/45 дугаар захирамж нь ЗЕХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын 6 шинжийг бүрэн агуулж байгаа тул захиргааны акт мөн байна.

Иймд ЗХШХШтХ-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн юм.

1.4 ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлд заасан “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах” бусад үндэслэл байгаа эсэх тухайд:

ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-д “нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;”, 54.1.7-д “нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;” гэх үйл баримт бодлогын нөхцөлд тусгагдаагүй байх тул энэ тухай дүгнэхгүй байж болно.

Мөн зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” гэх үндэслэлийн тухайд бодлогод энэ нөхцөл өгөгдөөгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг даргадын Б/45 дугаар захирамжийн эсрэг гаргасан “Г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хоёр. “Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлтэй юу?

Захиргааны акт эрх зүйн шаардлага хангасан эсэх-Захиргааны актын эрх зүйн шаардлага гэдэг нь захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахад заавал биелүүлэх ёстой эрх зүйн хэм хэмжээнд урьдчилан тусгагдсан нөхцөл байдлыг хэлэх бөгөөд захиргааны актад тавигдах эрх зүйн шаардлагыг формаль (шийдвэр гаргах үйл ажиллагаанд тавигдах эрх зүйн шаардлага), материаллаг (хууль ёсны) эрх зүйн шаардлага хэмээн хоёр хэсэгт хуваан авч үзнэ.

2.1 Формаль эрх зүйн шаардлага хангагдсан эсэх-Формаль эрх зүйн шаардлагад захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргах, өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах ёстой журмуудыг баримталсан байхыг шаардана.

2.1.1. Эрх хэмжээнийхээ дотор гаргасан эсэх-Захиргааны байгууллага нь захиргааны актыг харьяалах нутаг дэвсгэр, гүйцэтгэх чиг үүрэг болон шатлан захирах тогтолцооныхоо дотор батлан гаргасан байх ёстой.

А. Нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн эсэх-Захиргааны байгууллагын үйл ажиллагаа тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд багтан үйлчлэх ёстой бөгөөд үүнийг нутаг дэвсгэрийн хамаарал гэнэ.

МУЗЗНДНТУтХ-ийн 56 дугаар зүйл /Засаг дарга, түүнийг томилох/-ийн 56.1-д “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.” гэж заасан.

Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг дарга МУЗЗНДНТУтХ-аар олгогдсон эрхийн хүрээнд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан шийдвэр нь нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчөөгүй байна.

Б. Чиг үүргийн харьяалал зөрчигдсөн эсэх-Захиргааны байгууллагын чиг үүрэг гэдэгт захиргааны байгууллагын эрхлэх ажлын бүрэлдэхүүн хэсэг буюу хуулиар заасан үйл ажиллагааны гол чиглэл юм.

МУЗЗНДНТУтХ-ийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 59.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх;”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасан.

Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж Б/45 дугаар захирамж гаргасан нь чиг үүргийн хамаарлыг зөрчөөгүй байна.

В. Шатлан захирах ёсны хамаарал зөрчигдсөн эсэх-Шатлан захирах ёсны хамаарал нь захиргааны байгууллагын дотоод тогтолцоонд нэг нь нөгөөдөө захирагдах, эсхүл гуравдагч этгээд захирагдах ёсыг шатлан захирах ёсны хамаарал гэнэ.

Энэ бодолтын Б хэсэгт зааснаар Аймгийн Засаг дарга нь МУЗЗНДНТУтХ-ийн 60 дугаар зүйлийн 60.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байх тул шатлан захирах ёсны хамаарал зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй буюу зөрчигдөөгүй байна.

2.1.2 Эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримталсан эсэх-Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй.

ЗЕХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т1 заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заасан. Иймд ЗЕХ-д заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтласан эсэхийг хянан үзнэ.

ЗЕХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан.

Бодлогын өгөгдөлд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Дээрх Захирамж гаргахаас өмнө Засаг даргын Тамгын газраас намайг дуудаж тайлбар авсан ба шаардсан баримтуудыг бид тухай бүрт нь гаргаж хүргүүлж байсан болно. Гэвч энэ байдлыг харгалзалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.” гэснээс үзэхэд Төв аймгийн Лүн сумын Засаг даргын захирамж нь ЗЕХ-ийн Гуравдугаар бүлэг, 24, 25, 26, 27-д заасан шийдвэр гаргах ажиллагааны болон мэдэгдэх журам, ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзнэ. 

Бодлогын нөхцөлд Засаг даргын захирамжийг мэдэгдсэн эсхүл мэдэгдээгүй гэх гомдол тусгагдаагүй тул ЗЕХ-ийн Дөрөвдүгээр зүйлийн 43 дугаар зүйлийн 43.1/Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллагахариуцна./-д заасан журам зөрчигдөөгүй гэж үзнэ.

2.1.3 Эрх зүйн хэм хэмжээнд заасан хэлбэрээр гаргасан эсэх-Захиргааны актыг ЗЕХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана.” гэж заасан.

МУЗЗНДНТУтХ-ийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасан.

Захиргааны актын хэлбэрийн хувьд бичгээр гаргасан гэсэн нөхцөл бодлогын нөхцөлд байхгүй хэдий ч захирамж хэмээн өгөгдсөн байх тул бичгээр гаргасан гэж үзнэ.

2.1.4 Бусад этгээдийн оролцоог хангах шаардлагыг хангасан эсэх- Захиргааны байгууллагын зарим актын хувьд түүгээр  шийдвэрлэгдэж байгаа асуудлын шинж чанараас хамаарч түүнд тохирсон нэмэлт болзлыг эрх зүйн хэм хэмжээнд заасан байдаг. Тухайлбал, тухайн захиргааны актыг гаргахдаа эрх бүхий байгууллагаас заавал урьдчилан зөвшөөрөл авсан байх, эсхүл өөр захиргааны байгууллагатай зөвшилцсөн байх, эсхүл эрх бүхий бусад байгууллагатай хамтран хэлэлцэж шийдвэрлэсэн байх шаардлага тавигдаж болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл /Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/-ийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж заасны дагуу ямар нэг зөвшилцөл хийх, хамтран шийдвэрлэх зэрэг шаардлагыг тусгайлан заагаагүй тул энэ шаардлага хангагдсан гэж үзнэ.

Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Б/45 дугаар захирамж нь формаль эрх зүйн шаардлагыг хангаж байна.

2.2 Материаллаг эрх зүйн шаардлага хангасан эсэх-Материаллаг эрх зүйн шаардлагад захиргааны акт нь агуулгын хувьд хуульд үндэслэх зарчимд нийцсэн эсэх буюу эрх зүйн үндэслэлтэй эсэх, түүнчлэн агуулгын хувьд тодорхой байх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээнд нийцэж буй эсэх асуудлууд хамаардаг.

2.2.1. Эрх зүйн үндэслэлтэй эсэх-Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах эрх зүйн тодорхой үндэслэл байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд захиргааны акт гаргаж зохицуулах эрх тухайн захиргааны байгууллагад эрх зүйн хэм хэмжээгээр тусгайлан олгогдсон байхыг шаардана. Энэхүү шаардлагын үндэс нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны үйл ажиллагааны зарчим юм. Захиргааны акт захиран тушаасан агуулгатай байдаг тул иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг ямар нэг байдлаар хөнддөг.

Бодлогод “Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаар захирамжид “Газрын тухай хуулийн 34.8, 35.1.6, 35.3.1, 40.1.1-д заасныг зөрчиж, эзэмшиж байсан газартаа тариалалт хийгээгүй, бусдад ашиглуулсан, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн, 2018-2021 онд газар эзэмших гэрээг байгуулаагүй тул “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.” гэж заасан байна.

Бодлогод өгөгдсөнөөр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

А. “Захирамжид заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн зөрчлийг сумын Засаг дарга шалган тогтоох эрх бүхий этгээд биш. Харин Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл /Газрын тухай хууль тогтоомж зөрчих/-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар мэргэжлийн хяналтын байцаагч шалган шийдвэрлэнэ. Зөрчлийг шалган тогтоосны дараа Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргах ёстой.” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заан, 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих” зөрчлийн шинж, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг хуульчилсан байна.

Гэвч “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 8.1-д заасан зөрчилд хамаарахгүй байна.

Харин газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй” байна.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа сумын Засаг дарга нь шийдвэр гаргах ямар нэг этгээдээс зөвшөөрөл авах, ямар нэг зөвшилцөл хийх, хамтран шийдвэрлэх зэрэг шаардлагыг хуульд тусгайлан заагаагүй тул формаль эрх зүйн шаардлагыг хангаж байгааг өмнө дурдсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан энэхүү гомдол үндэслэлгүй байна.

Б. “Манай компани 2019 онд талбайгаа өнжүүлээд 2020 онд 60-га-д тариалалт хийж 200 га газрыг иргэн Ц.Д, Н.Д нарт ашиглуулсан боловч тэд нартай ямар нэг түрээсийн гэрээ байгуулаагүй, ашиг аваагүй, бас зөвшөөрөл авах тухай надад огт мэдэгдэж байгаагүй,...” гэж дурдсан байгаагаас үзэхэд гэрээ байгуулж, ашиг авсан эсэхээс үл хамааран “Г” ХХК бусдад өөрийн эзэмшлийн газраа ашиглуулж байсан, ийнхүү бусдад ашиглуулахдаа сумын Засаг даргад мэдэгдэж, зөвшөөрөл авч байсан тухай дурдагдаагүй, захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг үндэслэснээс үзэхэд зөвшөөрөл авч байгаагүй гэж дүгнэнэ.

Иймд “Г” ХХК-ийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл /Газар эзэмшигчийн эрх, үүрэг/-ийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;” гэж заасныг зөрчиж “Г” ХХК нь Төв аймгийн Лүн сумын Засаг даргад мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр бусдад ашиглуулсан үйлдлийг газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

В. “...Газар эзэмшээд 14 жил болж байгаа ч зөвхөн 2018-2021 онд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй гэсэн шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг маань цуцалж байгаа нь хууль бус...” гэжээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл /Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам/-ийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж заасан.

Гэтэл 2018-2021 онд буюу 4 жилийн хугацаанд гэрээг дүгнүүлж, дахин гэрээ байгуулах үүргээ “Г” ХХК биелүүлээгүй гэж үзнэ.

Г. Тиймээс “Г” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтад заасан “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасныг, 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасан гэрээг дүгнүүлж, дахин гэрээ байгуулах үүргээ тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад зааснаар “... удаа дараа ...” зөрчил гаргасан гэж үзнэ.

Шалгуулагч этгээд дээрх үндэслэлүүдийг тодруулан дүгнэхдээ Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.9-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "... удаа дараа ..." гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна ...” гэж тайлбарласан хуулийн албан ёсны тайлбарыг дурдсан байвал зохино.

Иймд Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангасан, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэсэн эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр байна.

2.2.2 Агуулга нь тодорхой байх-ЗЕХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байна.” гэж заасан бөгөөд энэ нь тухайн захиргааны актын агуулга нь хэн ч уншсан ойлгомжтой хоёрдмол утгагүй дундаж энгийн иргэн уншаад ойлгохуйц байх ёстой.

Бодлогын нөхцөлөөс үзвэл Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Б/45 дугаар захирамж нь хэнд ч ойлгомжтой, тодорхой байх тул ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэхгүй.

Явцын дүгнэлт: Төв аймгийн Лүн сумын Засаг даргын “Г” ХХК-ийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Б/45 дугаар захирамж нь материаллаг эрх зүйн шаардлагыг хангаж байна.

Гурав. Захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар:

Бодлогын нөхцөлд дурдсан Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2022 оны Б/45 дугаар захирамж нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлага хангаж байгаа тул “Г” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага үндэслэлгүй буюу захиргааны актын алдааны эрх зүйн үр дагавар энэ тохиолдолд яригдахгүй байна.

  Эх сурвалж: Монголын Хуульчдын холбоо

Дэлгэрэнгүй
Image 3
2023 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО, БОДОЛТ

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

/Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогч нарт зориулсан/

   А.Анхаа нь Э.Эрдэнэтэй уулзан Өвөрхангай аймагт амьдардаг өндөр настай авга эгч Д.Дулмаагийн гэрт Ямандаг, Дамдинчойжоо гэх нэртэй хоёр ширхэг эртний бурхан байдаг, тэдгээрийг хулгайлан, зарж мөнгийг нь тэнцүү хувааж авах талаар тохиролцжээ.

   Тэрээр Э.Эрдэнэд авга эгчийнхээ гэрийн хаягийг зурж өгөөд, гэрт өндөр настай авга эгчээс гадна бага насны нэг охин байдаг, авга эгч нь чих хатуу бөгөөд бага насны охин утсаа оролдож байгаад унтаад өгдөг, тавилгануудын байрлал, бурхадыг гэрийн хойд хэсэгт авдар дээр байрлуулдаг тухай хэлж, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой өдрийг зааж өгсөн байна.

   Ингээд тохиролцсон өдөр болох 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Э.Эрдэнэ Т.Тулга, Б.Батаа нартай зааж өгсөн айлын гадаа ирж, өөрөө гэрийн гадна хүн харж үлдээд Т.Тулга, Б.Батаа нар айл руу гэрийн эздийг унтаж байх үед бурхадыг авахаар оржээ.

   Энэ өдөр хохирогч Д.Дулмаагийн гэрт бага насны зээ охиноос нь гадна төрсөн охин Н.Навчаа хамт хонохоор болсон байв. Т.Тулга, Б.Батаа нарыг ороход үед Н.Навчаа сэрж, улмаар Т.Тулга нь Н.Навчаа болон гэрт байсан бусад хүмүүс рүү чиглүүлэн хутга далайж сүрдүүлэх хооронд Б.Батаа гэрийн хоймроос бурхадыг авсан.

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөн аймгийн нутаг дэвсгэрт А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь туршлагатай мэргэжлийн тэсэлгээчин Б.Болдтой хамтарч мөнгө олох зорилгоор газрын гадаргуугаас доош 35.8 метрийн гүн ухагдсан нүхнээс алт илрүүлэхээр шороог ухаж гаргах, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан тэсэлгээ хийх зэргээр тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийж байх явцад Б.Болд нь хуульд заасан тэсэлгээ хийх журам зөрчсөний улмаас түүний амь нас хохирсон болох нь тогтоогджээ.

   Шүүхийн хэлэлцүүлэг дээр А.Анхаа дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй, бусад гэмт хэргийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бол Т.Тулга нь чих хатуугийн дээр бичиг, үсэг мэдэхгүй өндөр настай хохирогч Д.Дулмаагаас мэдүүлэг авах ажиллагааг өмгөөлөгчгүй явуулсан тул түүний мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан байна.

   ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ:                                                                                               

   Бодлогын нөхцөлд эрх зүйн дүн шинжилгээ хийнэ үү.

                                                    Бодолт:

    1. Хууль зүйн дүгнэлт хийх хэм хэмжээг тодорхойлох.

   Эртний бурхадыг хууль бусаар авсан үйлдлийн тухайд: Бодлогын нөхцөлд өгөгдсөн үйл баримтаас харвал А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчилсан гэмт хэргүүдээс тохирох хэм хэмжээг сонгох, тодруулбал, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах”, эсхүл 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй байна.                                 

 Мөн бодлогын нөхцөлд хоёр буюу түүнээс дээш тооны этгээд байгаа нь хамтран оролцох хэлбэрийн урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг давхар шалгана.

     Тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлийн тухайд: Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болдтой хамтран байгаль орчин, газрын хэвлийг хамгаалах, ашигт малтмалыг хайх, ашиглах, олборлох журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт хуульчилсан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдээс тохирох хэм хэмжээг сонгон шалгах, тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй байна.    

  Мөн бодлогын нөхцөлд хоёр буюу түүнээс дээш тооны этгээд байгаа нь хамтран оролцох хэлбэрийн урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг давхар шалгана.

    Хууль бусаар алтны хайгуул хийх явцад тэсэлгээчин Б.Болдын амь нас хохирсон хэргийн тухайд: Бодлогын нөхцөлд өгөгдсөн энэхүү үйл баримт нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдээс тохирох хэм хэмжээг сонгон авч шалгах, тодруулбал мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгах нь зүйтэй.

   2. Сонгож авсан хэм хэмжээ болон түүний хууль зүйн шинжийг тодорхойлж бодлогын нөхцөлтэй субсумци хийх.

   2.1. Эртний бурхадыг хууль бусаар авсан үйлдлийн тухайд: Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа нь Э.Эрдэнэтэй авга эгчийнхээ гэрээс Ямандаг, Дамдинчойжоо нэртэй үнэ бүхий эртний бурхадыг хулгайлж аваад цааш худалдан үнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон зэргээс харахад субъектүүдийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байж болох юм.                   

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн тайлбарт зааснаар энэ гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаардана.                                              

Гэмт хэргийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирснаар гэмт хэрэг төгссөнд тооцох буюу материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.           

   Гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл, түүний улмаас учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн хооронд шалтгаант холбооны объектив хамааралтай байна. Субъектив талын хувьд зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.                                 

     Объектив тал: Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэдэг нь субъект өөрт хамаарахгүй буюу захиран зарцуулах эрхгүй бусдын эзэмшилд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авахыг хэлнэ. Орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр авах нь субъектив ойлголт буюу субъект өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харьцаа байх, эсхүл зарим тохиолдолд орчин тойрны хүмүүсийг үл тоомсорлож, дэргэд нь хулгайлсан байж болно.                                                       

     Бодлогын нөхцөлөөс харахад Т.Тулга, Б.Батаа нар нь хохирогч Д.Дулмаагийн гэрийн хаалгыг онгойлгож орох үед гэр дотор байсан хүмүүс сэрснээр Т.Тулга хүмүүс рүү хутга далайн сүрдүүлж бурхадыг авч гарсан үйлдэл нь хүч хэрэглэсэн шинжийг агуулсан байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь дээр дурдсанчлан бусдын эд зүйлийг “хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар” авдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгардаг. Хэдийгээр орчин тойрны хүмүүс болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр авах гэдэг нь субъектив ойлголт боловч Т.Тулга, Б.Батаа нар нь гэрт байсан хүмүүст хутга тулгах замаар эд зүйлийг хууль бусаар авч буй үйлдлийн аргаас харахад субъектүүд өөрсдийн үйлдлийг бусдад мэдэгдээгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харьцаатай байсан гэж үзэх боломжгүй буюу нууц аргаар үйлдсэн гэж үзэхгүй.                                       

  Субъектив тал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн” байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, субъектүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж буюу мэдэх, түүний улмаас үүсэх үр дагаврыг хүсэх гэсэн оюун санааны элементүүдийг агуулсан байх ёстой.                            

Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа, Э.Эрдэнэ нар бурхадыг авахаар урьдчилан тохиролцож төлөвлөсөн, Т.Тулга, Б.Батаа нартай чиг үүргээ хуваарилж тохиролцсон зэргээс шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ ухамсарлаж, түүнээс үүсэх үр дагаврыг хүсэж үйлдсэн болохыг харуулж байна.     

   Хүндрүүлэх шинж: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэхээр хуульчилсан. Хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэдэгт байнга, түр амьдрах зориулалтаар барьсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, майхан, зуслангийн байр, зочид буудал, амралт, сувиллын газар зэргийг ойлгоно. Иймд хохирогч Д.Дулмаагийн гэрт нэвтэрч орсон нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.                                                           

    Гэсэн хэдий ч эрүүгийн эрх зүйд хууль зүйн техникийн хувьд аливаа гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хангасан нөхцөлд хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шалгаж зүйлчлэх арга зүйг баримтална. Хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж байсан хоёр ширхэг эртний бурхадыг хутга далайн сүрдүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж болох хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэх шинжүүдийг хангахгүй байх тул уг гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй байна.                                                                                                                                                 

     Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж тодорхойлсон бөгөөд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хүндрүүлэх, ингэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан. Хууль тогтоогчоос уг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг дээр дурдсан хууль зүйн техникээс ялгаатай аргаар буюу харилцан өөрөөр томьёолсон байх тул гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг шууд шалгах нөхцөлийг бүрдүүлж байна.                                                                                               

 Энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлээр илрэх буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. Субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.         

 Объектив тал: Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь субъект бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн амь биед аюултай аргаар хүч хэрэглэж халдах, улмаар эрүүл мэндэд нь гэм хор учруулсан буюу учруулахуйц нөхцөлийг бий болгосон, эсхүл шууд хүч хэрэглэн халдаагүй боловч үйлдэл, үг хэлээрээ айлган сүрдүүлж, тэр нь учрах үедээ биелэх боломжтой гэж хохирогчид итгүүлэх замаар сэтгэл санааны хувьд хүч хэрэглэж заналхийлснийг ойлгоно. Довтолгоо нь хохирогчийн эсрэг чиглэсэн, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний эсэргүүцэл үзүүлэх боломжийг алдагдуулж байгаа идэвхтэй үйлдлээр илэрнэ.      

Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь А.Анхаагийн зааж өгсөн айлын гэрт орж улмаар гэрт амарч байсан хүмүүс сэрэх үед өндөр настай хохирогч Д.Дулмаагийн охин Н.Навчаа болон гэрт байсан хүмүүсийн эсрэг хутга далайн амь биед нь аюултай аргыг хэрэглэж сүрдүүлэн, учрах үедээ биелэх боломжтой гэж хохирогч нарт итгүүлэх замаар хүч хэрэглэхээр заналхийлж Ямандаг, Дамдинчойжоо гэх нэртэй эртний бурхадыг авч явсан үйлдэл нь дээрх объектив талын шинжийг хангасан байна.                 

Субъектив тал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн” байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, субъектүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж буюу мэдэх, түүний улмаас үүсэх үр дагаврыг хүсэх гэсэн оюун санааны элементүүдийг агуулсан байх ёстой.                                                                       

Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалаастай байгаа хоёр ширхэг эртний, үнэ бүхий бурхадыг авахаар урьдчилан тохиролцож, үйлдлээ хэрэгжүүлсэн байдлаас субъектүүдийг үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж, түүний улмаас үүсэх үр дагаврыг хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.                                                             

   Онц хүндрүүлэх шинж: Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “Энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” бол онц хүндрүүлэх шинж байхаар хуульчилсан. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлс гэдэг нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хэлнэ.    Бодлогын нөхцөлөөс харахад Т.Тулга нь гэрт нэвтэрч дотор байсан хүмүүсийг хутга далайн сүрдүүлсэн нь зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх шинжид хамаарна.                                    

Иймд хохирогч Д.Дулмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрт байсан хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг буюу хутга хэрэглэн сүрдүүлж хоёр ширхэг эртний бурхадыг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зэвсэг хэрэглэсэн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

     2.2 Тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлийн тухайд:

   Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь тэсэлгээчин Б.Болд гэгчтэй хамтран хайгуулын тусгай зөвшөөрөлгүйгээр тэсэлгээний бодис ашиглаж алт хайсан болох нь харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг хангасан байж болох юм. Энэ гэмт хэргийн объектив тал нь заавал материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй буюу үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Субъектив талын хувьд зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.                                                                                                     

Объектив тал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан объектив талын үндсэн шинж нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан ...” идэвхтэй үйлдлээр илэрнэ.                        

Ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах ажиллагаа нь хүрээлэн буй орчин, газрын хэвлийг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглахад чиглэсэн төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон газар зүйн солбицол бүхий талбайд хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан хуулийн этгээдээс тодорхой журамд нийцүүлэн тусгай зөвшөөрөл авч явуулдаг үйл ажиллагаа юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд Ашигт малтмалын тухай хуулийн (2006) 18, 20 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу олгогдоно.                                                       

  Бодлогын нөхцөлөөс А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болд гэгчтэй хамтран газрын хэвлий рүү 35.8 метр гүн ухагдсан нүхэнд тэсэлгээ хийх замаар алтны эрэл, хайгуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр хийсэн болох нь тодорхой харагдаж байна.

    Субъектив тал: “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, субъект нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж буюу мэдэх, түүний улмаас үүсэх үр дагаврыг хүсэх оюун санааны элементүүдийг агуулсан байх ёстой.                 

   А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь мөнгө олох зорилгоор тэсэлгээчин Б.Болдтой харилцан тохиролцож газрын хэвлийд халдан алтны эрэл, хайгуул хийсэн нь тэднийг үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Эрүүгийн эрх зүйд субъект үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлах гэдэгт заавал Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон шинжийг мэдсэн байхыг шаардахгүй бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдлыг оюун санааны бүрэн эрх чөлөөний үндсэн дээр ойлгож, тухайн үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хууль бус мэдрэмжийг ухамсарлаж байхад хангалттай гэж үздэг. Аливаа ашигт малтмал, газрын хэвлийн нөөцийг төрийн эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж болохгүй гэдэг нь нийтэд илэрхий ойлголт юм. Ийнхүү үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлаж мөнгө олох зорилгоор газрын хэвлийд халдаж буй нь үйлдлийнхээ үр дагаврыг хүсэж үйлдсэн шинжийг хангаж байгааг илэрхийлж байна.

А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болдтой хамтран тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг хангасан гэж дүгнэж болно.

       2.3 Хууль бусаар алтны хайгуул хийх явцад тэсэлгээчин Б.Болдын амь нас хохирсон хэргийн тухайд:

     Хууль бусаар алтны хайгуул хийх явцад хуульд заасан журмыг зөрчиж тэсэлгээ хийсний улмаас тэсэлгээчин Болдын амь нас хохирсон үйл явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг хангасан байж болох юм. Энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэмт үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байх, гэмт үйлдэл /эс үйлдэхүй/ болон хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбооны объектив хамааралтай байна. Субъектив тал нь гэмт буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ.                                             

   Объектив тал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж тодорхойлжээ.                       

 Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийг гэмт санааны үндсэн дээр үүсэж гадагш илэрсэн үйлдэл /эс үйлдэхүй/ байж сая ялын зорилго бодитой хэрэгждэг гэж үздэг. Харин субъект өөрийн үйлдэл /эс үйлдэхүй/ нь нийгэмд аюултай үр дагаврыг бий болгоно гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж, эсхүл мэдсэн боловч түүнийг үүсгэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсанаар хуульд заасан хохирол, хор уршгийг бий болгосон буюу гэмт санааны элементийг агуулаагүй тохиолдолд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөвхөн тухайн нөхцөлд субъектэд үүссэн үүрэгтэй холбогддог. Үүнийг эрүүгийн эрх зүйн онолд “Анхаарал болгоомжтой байх үүрэг” гэж томьёолдог. Ийм гэмт хэрэг нь дийлэнхдээ эс үйлдэхүйгээр үйлдэгдэх нь элбэг бөгөөд шүүгдэгч өөрт нь хууль болон зүй ёсны дагуу оногдуулсан үүргийг хайнга тоомжиргүйн улмаас зөрчсөнөөр эрүүгийн хариуцлага оногдуулах үр дагавар үүсэх үндэс болдог. Болгоомжгүй гэмт хэргийн үүргийн ойлголттой нягт холбогддог энэхүү шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспозицид гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болгож тодорхойлсон байна.                                       

Ийнхүү үүргээ биелүүлээгүй явдал нь түүний улмаас учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбооны объектив хамааралтай. Анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, түүний улмаас бий болсон гэж үзэж буй үр дагавар хоёрын хооронд объектив хамааралтай эсэхийг тодорхойлоход тухайн нөхцөл байдалд субъектэд анхаарал болгоомжтой байх үүрэг үүссэн байсан эсэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, субъектэд анхнаасаа тухайн нөхцөл байдалд хүлээсэн үүрэг байгаагүй бол хохирол, хор уршигт субъектын эс үйлдэхүй объектив хамаарал бүхий шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй.                                 

   Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь мэргэжлийн тэсэлгээчин Б.Болдтой тохиролцож мөнгө олох зорилгоор хууль бусаар алтны хайгуул хийх явцдаа хуульд заасан журмыг зөрчиж тэсэлгээ хийсний улмаас Б.Болдын амь нас хохирсон байна. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай (2013) хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар “тэсэлгээний ажлыг Монгол Улсын хуулийн этгээд гүйцэтгэх” ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтад зааснаар “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах”-ыг хориглоно. Үүнээс үзэхэд А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь тэсэлгээчин Б.Болдтой харилцан тохиролцож тэсэлгээ хийлгэсэн нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан үйлдлийн арга нь хууль бус шинжтэй болохыг илэрхийлнэ.                        

  Гэсэн хэдий ч энэ шинж нь тухайн нөхцөл байдалд А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нарт Б.Болдын амь насыг хохирохоос сэргийлэх үүрэг үүссэн гэж үзэх шууд үндэслэл болохгүй. Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болдтой мөнгө олох зорилгоор харилцан тохиролцож гэмт хэрэг үйлдсэн байх ба энэ тохиролцоогоор тэдгээрийн хооронд бие биеийнхээ аюулгүй байдлыг харилцан хариуцах үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй юм.                                    

  Эрүүгийн эрх зүйн онолд анхаарал болгоомжтой байх үүргийг ерөнхий, тусгай, өөртөө үүрэг үүсгэх байдлаар үүсэж болдог гэж үздэг. Ерөнхий үүрэг гэдэг нь энгийн хүн болгон мэддэг эсвэл мэдэх боломжтой байсан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн болгоомжлол хамаарна. Өөрөөр хэлбэл, субъектээс өдөр тутмын амьдралдаа нийгмийн нормаль харилцаанд шаардлагатай хэмжээний болгоомж анхаарал тавих үүрэг юм. Гэсэн ч Б.Болд нь туршлагатай мэргэжлийн тэсэлгээчин байсан талаар бодлогын нөхцөлд өгөгдсөн. Тэсрэх, дэлбэрэх бодистой харьцах, ашиглах нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дагуу мэргэжлийн этгээд гүйцэтгэх тул Болдын амь нас хохирсон тухайн нөхцөл байдалд А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нарт ерөнхий байдлаар үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй.                                                                             

Иймд субъектүүд мөнгө олох зорилгоор харилцан тохиролцож хууль зөрчсөн аргаар алтны хайгуул хийсэн үйлдэл нь “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн хуульд заасан объектив талын үндсэн шинж болох үүргийн тухай ойлголтыг үүсгэхгүй. Үүгээрээ субъектүүдийн үйлдэл ба Б.Болдын амь нас хохирсон үр дагаврын хоорондох шалтгаант холбооны объектив хамаарал мөн үгүйсгэгдэж байна.                                                                 

  Субъектив тал: Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, субъектийн оюун санаа зөвхөн мэдэх элементийг агуулсан байхад хангалттай буюу үйлдлийнхээ үр дагаврыг хүсэж үйлдсэн шинж байдаггүй.    

 Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болдтой мөнгө олох зорилгоор хамтран хууль бусаар алтны хайгуул хийж байх явцад уг үйл баримт болсон байх тул үр дагаврыг хүссэн гэж үзэх шинжийг агуулаагүй нь илэрхий байна. Харин мэдэх элемент нь анхаарал болгоомжтой байх үүрэгтэй салшгүй уялдаатай бий болдог тул энэ талаар дээр дүгнэсэнчлэн мэдэх элемент байх боломжгүй.                                                                                      

Иймд А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар Б.Болдтой хамтран тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийх явцад хуульд заасан журам зөрчиж тэсэлгээ хийснээс Б.Болдын амь нас хохирсон гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн объектив, субъектив шинжийг хангахгүй байна.

3. Гэмт хэрэг үйлдэх үе шат.

     Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийг гэмт хэрэгт бэлтгэх, завдах, төгсгөх гэсэн үе шатуудад хувааж үздэг бөгөөд хуульд заасан тохиолдолд туйлдаа хүрч төгсөөгүй гэмт үйлдэлд ял оногдуулна. Гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй байна гэдэг нь субъект Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангах зорилгоор тодорхой үйлдэл хийсэн боловч гаднын хүчин зүйлийн нөлөөллөөр, эсхүл өөрийн сайн дурын үндсэн дээр тухайн үйлдлээ төгсгөөгүй буюу хуульд заасан хохирол, хор уршгийг бий болгоогүй байдаг. Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлд “Гэмт хэрэгт бэлтгэх”, 2.8 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах” үед ял оногдуулах журмыг тогтоосон.                                                                                                                                                   

   Хохирогч Д.Дулмаагийн гэрт нэвтэрч хүч хэрэглэхээр заналхийлж эртний бурхадыг дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар дээр дүгнэлт хийсэн. Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэмт үйлдлийн төгсгөлд заавал тодорхой хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсөнө. Иймд айлын гэрт нэвтэрч хутгаар сүрдүүлж бурхадыг авч явснаар гэмт үйлдэл төгссөн байна.                                                                                                            

    Түүнчлэн А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Б.Болд гэгчтэй харилцан тохиролцож тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн гэмт хэрэг нь мөн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хуульд заасан журмыг зөрчиж тэсэлгээ хийж газрын хэвлийд халдсанаар гэмт үйлдэл төгсдөг.            

     Иймд бодлогын хүрээнд гэмт хэрэгт бэлтгэх, завдах, завдалтаас сайн дураар татгалзах үе шатуудыг шалгах шаардлагагүй байна.

        4. Гэмт хэрэгт хамтран оролцох.                                        

    Гэмт хэрэг үйлдэхэд хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэрэгт хамтран оролцогч нарын оролцоо буюу гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн зохион байгуулалтын хэлбэрээр нь хамтран оролцох хэлбэр, төрлүүдийг тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу ял оногдуулна.

         4.1. Эртний бурхадыг хууль бусаар авсан үйлдлийн тухайд:                                                               

 Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь хохирогчийн гэрт хадгалагдаж байсан хоёр ширхэг эртний бурхадыг авч худалдан улмаар мөнгийг нь хувааж авах талаар урьдчилан тохиролцсон нь тэдгээрийг энэ гэмт хэрэгт урьдчилан тохиролцох байдлаар санаатай нэгдэж хамтран оролцсон болохыг харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэнэ. А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь хохирогчийн гэрээс бурхадыг авах талаар урьдчилан тохиролцож гэмт үйлдэлдээ санаатай нэгдсэн нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.                                                      

   Харин Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын дагуу субъект тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо буюу гүйцэтгэсэн чиг үүргийг ялгамжтай тогтоож хамтран оролцогчийн төрөлд тохирсон ял оногдуулах ёстой. Бодлогын нөхцөлөөс харахад А.Анхаа нь Э.Эрдэнэтэй урьдчилан уулзаж авга эгч нь гэртээ эртний үнэ бүхий Ямандаг, Дамдинчойжоо зэрэг бурхадыг хадгалдаг талаар хэлж, гэрийн хаяг, гэрт хамт амьдардаг хүмүүсийн талаар болон гэрийн доторх тавилгануудын байршил, гэмт хэргээ үйлдэхэд тохиромжтой өдрийг зааж өгөх зэргээр идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, төлөвлөсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ”. А.Анхаагийн үйлдэл, оролцоо нь гэмт хэргийн зохион байгуулагчийн шинжийг хангаж байна.                                              

   Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байх нь шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ. Бодлогын нөхцөлөөс А.Анхаа нь “нагац эгч нь чих хатуу бөгөөд хамт амьдардаг бага насны охин нь утсаа оролдож байгаад унтдаг” гэх зэргээр хоёр ширхэг эртний бурхадыг гэрийн гишүүдэд мэдэгдэхгүйгээр хулгайлж авах боломжийн талаар санаачилж, Э.Эрдэнэ болон Т.Тулга, Б.Батаа нартай хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж буй эртний бурхадыг хулгайлж аваад цааш худалдаж мөнгийг нь хувааж авахаар тохиролцсон болох нь харагдаж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нарыг айлд нэвтэрч орох үед гэрт байсан хүмүүс сэрж хулгайлах гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэрэгт шилжжээ.                       

Эрүүгийн эрх зүйд зарим тохиолдолд гэмт хэрэг нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдолд гардаг. Энэ тохиолдолд нийлмэл гэмт хэргээр зүйлчлэх, нэг гэмт хэрэг нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйчлэх зэрэг зүйчлэлийн асуудал хөндөгддөг. Гэхдээ нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх, сүүлд үйлдсэн гэмт хэрэг нь эхний гэмт хэргээс ямагт хүнд байх шинжийг агуулж байх ёстой. Бодлогын нөхцөлөөс субъектүүд нь эртний бурхадыг хулгайлах санаа зорилгоор үйлдлээ эхлүүлсэн боловч гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр хулгайлах үйлдлээ төгсгөх боломжгүй болсон ба гэмт хэрэг үйлдлээ төгсгөхөд саад учруулж буй хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлэх замаар дээрэмдэх гэмт хэрэг шилжсэн болох нь харагдаж байна. Иймээс сүүлд төгссөн гэмт үйлдэл, түүний үр дагаврыг харгалзан бурхадыг авч явсан үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв юм.                                               

    Энэ үйл явдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсны дагуу Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь анх тохиролцсон хулгайлах гэмт хэргээс өөр гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Гүйцэтгэгч бусад хамтран оролцогч нартай хэлэлцэж тохирсноос өөр гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн тохиолдолд бусад хамтран оролцогчид гүйцэтгэгчийн үйлдсэн шинэ гэмт хэрэгт субъектив болон объектив хамаарал байдаггүй. Иймд мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй” гэж заасны дагуу А.Анхаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэж ял оногдуулах үндэслэлгүй. Харин мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзэхээр байна. Ингэснээр эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн шинжид нийцсэн байх шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ.                                                                                                                                   

Түүнчлэн Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар тус тусын идэвхтэй үйлдлүүдийг тохиролцож “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хамтран бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасныг хангажээ. Тодруулбал, Э.Эрдэнэ айлын гадна хүн харж үлдэх, Т.Тулга, Б.Батаа нар айл руу орж бурханыг авах талаар тус тусын чиг үүргийг хамтран хуваарилж, бурхадыг авч идэвхтэй үйлдлээр гүйцэтгэж төгсгөсөн болохыг харуулж байна.

    4.2. А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлийн тухайд:                                                                                                                                                     

 Бодлогын нөхцөлд өгөгдсөнөөр А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь мөнгө олох зорилгоор харилцан тохиролцож тэсрэх бодис ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн нь тэдгээрийг энэ гэмт хэрэгт урьдчилан тохиролцох байдлаар санаатай нэгдэж хамтран оролцсон болохыг харуулж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” шинжийг хангажээ.

          5. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал.                                                                                                 

 Үйлдэл, эс үйлдэхүйн объектив болон субъектив шинжийн хувьд гадаад илрэх байдлаараа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан боловч Эрүүгийн хуулиар хамгаалсан нийгэм, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн болон өөрийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах зорилгын үүднээс хийсэн нийгэмд ашигтай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт аргагүй хамгаалалт; гарцаагүй байдал; баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах; албадлага, эрхшээлд автах; үндэслэл бүхий эрсдэл; тушаал даалгавар биелүүлэх гэсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын төрлүүдийг хуульчилсан.                                                                                    

Субъектүүдийн хоёр ширхэг эртний бурхадыг хууль бусаар авсан үйлдэл болон тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашиг, сонирхлыг хамгаалах зорилго агуулсан гэж үзэх үндэслэл бодлогын нөхцөлд өгөгдөөгүй байх тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын шинжийг шалгах шаардлагагүй.

       6. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журмыг тодорхойлох.                               

   6.1. Эртний бурхадыг авсан үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд:                           

  Бодлогын нөхцөлд А.Анхаа, Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн эсэх, хэрэг хариуцах чадварын талаар тодорхой нөхцөл өгөгдөөгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэхээр байна.                                   

А.Анхаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна. А.Анхаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн тул.  

Эрдэнэ, Т.Тулга, Батаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг нь мөн хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан 12 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Уг гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг байх тул уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй.                                             

Мөн субъектүүдийн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Харин Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж байсан хоёр ширхэг эртний бурхадыг дээрэмдэн авсан үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

     6.2. Тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд:

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт тооцогдоно. Мөн хуулийн 1.10 хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх ба субъектүүдийн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 24.2 угаар зүйлд заасан гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт тооцогдож байна.        Э.Эрдэнэ, Б.Батаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.

        6.3. Шүүхийн хэлэлцүүлэгч А.Анхаагийн гаргасан хүсэлтийн тухайд:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нөхцөлүүдийг хуульчилсан. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон; эсхүл хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулсан.                                                                                  Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол” тэнсэх зохицуулалт үйлчлэхгүй. А.Анхаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг зохион байгуулсан, 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг буюу тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх хоёр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт үйлчлэхгүй.                                                                                                                         

       Иймд А.Анхаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг зохион байгуулснаар, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нөхцөлийг шийдвэрлэх.                                                                                                         

Хохирогч нь гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн субъект юм. Хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг зорилт мөн.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдлуудыг хуульчилсан. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэсэн тохиолдлыг хамааруулсан боловч “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” тохиолдлуудыг онцолж хуульчилсан байна.                     

 Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн наймдугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эдлэх, эрх үүргийг зохицуулсан. Энд хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах зэрэг эрхүүдийг тодорхойлж өгсөн. Түүнчлэн мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасан. Эдгээр хуулийн заалтууд нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангах, хохирогчийн эрх ашгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хангаж ажиллах бололцоог бүрдүүлэхэд чиглэдэг.                                                           

  Хэрэв хохирогч аливаа нөхцөл байдлын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй, чадамжгүй бол хууль ёсны төлөөлөгч томилох, өмгөөлөгч авах эрхийг нь хангах зэргээр эрх ашгийг нь хамгаалдаг. Монгол бичиг, үсэг мэдэхгүй байх нь мэдүүлэг авах ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах зэргээр өөрийн эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалж чадахгүйд хүрэх нөхцөл байдлыг бий болгох тул ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрх, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасны дагуу эрхийг нь хангаж өмгөөлөгчөөр хангах, эсхүл хууль ёсны төлөөлөгчийн хамт мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулах ёстой. Иймд өндөр настай хохирогч Д.Дулмаагаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Т.Тулгын хүсэлтийг хангаж мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргах үндэслэлтэй.

        Дүгнэлт                                                                                   

  Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж байсан Ямандаг, Дамдинчойжоо гэх нэртэй эртний бурхадыг хутга далайн сүрдүүлж хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж” үйлдсэн байна. Ингэхдээ хутга буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилж байна.                                     

   Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулна.                                                                                                       

 А.Анхаа нь Э.Эрдэнэ, Т.Тулга, Б.Батаа нарт хохирогч Д.Дулмаагийн гэрт хадгалагдаж буй хоёр ширхэг эртний бурхдын талаар мэдээллийг дамжуулж гэмт хэргийг санаачлан удирдаж, төлөвлөсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг зохион байгуулсан байна. Ингэхдээ анхнаасаа уг бурхадыг айлын гэрт орж нууцаар хулгайлж аван цааш худалдах талаар санаачилж, төлөвлөсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зохион байгуулсан гэж зүйлчилж байна.                                       

  Түүнчлэн А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт ухагдсан нүхнээс шороо гаргах, хууль бусаар тэсэлгээ хийх зэргээр тусгай зөвшөөрөлгүйгээр алтны хайгуул хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргээр зүйлчилнэ. Ингэхдээ гэмт хэргийг үйлдэхдээ А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулна.                      

  Харин А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь мэргэжлийн тэсэлгээчин Болдтой тохиролцож хамтран хууль бусаар алтны хайгуул хийх явцад хуульд заасан журмыг зөрчиж тэсэлгээ хийсний улмаас Б.Болдын амь нас хохирсон үйл явдлын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.                                                                                                                                                                        А.Анхаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг зохион байгуулснаар; Э.Эрдэнэ, Б.Батаа нарт мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан ял дээр; А.Анхаа, Э.Эрдэнэ, Б.Батаа нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тодорхойлно.                                                                                                                                         

   А.Анхаагийн гаргасан хүсэлтийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт А.Анхаагаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хүсэлтийг хангах үндэслэлгүй.     

  Т.Тулгын гаргасан хүсэлтийн тухайд: Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт хамааралтай боловч чих хатуу, бичиг, үсэг мэдэхгүй, өндөр настай хохирогчийн эрх ашиг хохирч болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хохирогч хангагдах бөгөөд өөрийн эрх ашгийг хамгаалах чадваргүй хохирогчийн дээрх эрхийг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн үүрэг юм. Иймд Т.Тулгаас гаргасан өндөр настай хохирогч Д.Дулмаагийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байна.

Дэлгэрэнгүй
Image 3
254 ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад заасан "Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх" үүргээ биелүүлээгүй, 2 сая төгрөгөөс дээш татварын үлдэгдэлтэй 254 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон гишүүнчлэлийн эрхийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар тушаалаар хүчингүй болгожээ.

 

Дэлгэрэнгүй
Image 3
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар 2024 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2024.10.16-2024.10.18-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тогтов.

Иймд 2024 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцохоор төлөвлөж буй эрх зүйчид бэлтгэлээ сайтар ханган, шалгалтдаа амжилттай оролцохыг хүсье.

ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС

Дэлгэрэнгүй